26 дугаар зүйл. Архивын баримт хадгалах үйлчилгээ
26.1.Архивын баримт хадгалах үйлчилгээг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд эрхэлнэ.
26.2.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд архивын баримтыг хадгалуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
26.3.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
26.3.1.архивын зориулалтын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх;
26.3.2.архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэжлийн ажилтантай байх;
26.3.3.архивын аюулгүй байдлын баталгааг хангасан, баримтын хадгалалт, хамгаалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх;
26.3.4.Зөвшөөрлийн тухай хуульд заасан бусад шаардлага. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.4.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.5.Энэ хуулийн 26.4-т заасан журамд архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, тухайн үйл ажиллагааг эрхлэх нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хянан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.6.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх болон энэ хуулийн 26.2-т заасан гэрээ байгуулахтай холбогдсон энэ хуульд тусгаагүй бусад асуудлыг Зөвшөөрлийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.7.Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо энэ хуулийн 12.7-д заасныг баримтална.
АРХИВЫН САН ХӨМРӨГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, АШИГЛАЛТ