27 дугаар зүйл. Төрийн архивын сан хөмрөгийн байнга хадгалах баримтыг байгууллагын архивт хадгалах хугацаа
27.1.Дараах байгууллагын архив нь байнга хадгалах баримтыг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож доор дурдсан хугацаанд хадгалж, уг хугацаа дууссаны дараа харьяалах төрийн архивт шилжүүлнэ:
27.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын архив-20 жил;
27.1.2.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн архив-30 жил;
27.1.3.Улсын Их Хурал, түүний Тамгын газрын архив-40 жил;
27.1.4.Засгийн газар, түүний Хэрэг эрхлэх газрын архив-20 жил;
27.1.5.Үндсэн хуулийн цэцийн архив-20 жил;
27.1.6.шүүх, прокурорын байгууллагын архив-15 жил;
27.1.7.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын архив-20 жил;
27.1.8.яам, агентлаг түүний харьяа байгууллагын архив-16 жил;
27.1.9.нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын архив-8 жил;
27.1.10.хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын архив-5 жил;
27.1.11.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бүх төрлийн хуулийн этгээдийн архив-8 жил;
27.1.12.энэ хуулийн 27.1-д зааснаас бусад энэ хуулийн 28.5-д заасан жагсаалтад орсон байгууллага, хуулийн этгээдийн архив-15 жил.
27.2.Дараах байнга хадгалах баримтыг доор дурдсан хугацаанд байгууллагын архивт хадгалж, уг хугацаа дууссаны дараа харьяалах төрийн архивт шилжүүлнэ:
27.2.1.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд холбогдох шинжлэх ухаан, технологи, патентын холбогдолтой баримтын эх хувийг-5 жил;
27.2.2.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулж бүтээгдсэн кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэгийн баримтын эх хувийг-1 жил.
27.3.Энэ хуулийн 16.5-д заасан салбар архивт архивын баримтыг 40 жил хадгалсны дараа төрийн архивт шилжүүлнэ.
27.4.Байгууллага нь хувьчлагдсан, татан буугдсан, дампуурсан болон Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар өөрчлөн байгуулагдсан бол тухайн байгууллагын архивын баримтыг харьяалах төрийн архивт, эсхүл эрх залгамжлах этгээдэд зургаан сарын дотор шилжүүлнэ.
27.5.Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтыг эмхлэн цэгцлэх болон төрийн архивт шилжүүлэх ажиллагааг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.