28 дугаар зүйл. Төрийн архивын сан хөмрөг бүрдүүлэх
28.1.Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан байгууллагын архивт хадгалах хугацаа дуусгавар болсны дараа архивын баримтыг зохих төрийн архивт тогтмол шилжүүлнэ.
28.2.Энэ хуулийн 15.2.2, 15.2.3, 15.2.4-т заасан төрийн архив нь хосгүй үнэт баримтыг үндэсний төв архивт шилжүүлж хадгалуулна.
28.3.Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах архивын баримтыг эмхэлж, цэгцэлсэн байдлаар батлагдсан данс бүртгэлийн хамт төрийн архивт шилжүүлнэ.
28.4.Энэ хуулийн 23.3-т заасан журмын дагуу байгууллагын архив нь цахим баримт бичиг, кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэгийн баримтыг төрийн архивт шилжүүлэхийн өмнө тэдгээрийн хадгалалтын байдалд техникийн чанарын үзлэг хийнэ.
28.5.Энэ хуулийн 15.2-т заасан төрийн архивын хөмрөг үүсгэгч байгууллагаас бусад байгууллагын төрийн архивт шилжүүлэх баримтын жагсаалтыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
28.6.Энэ хуулийн 10.6.8, 10.6.9, 10.6.10, 10.6.11-д заасан хүн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд байгаа архивын баримтыг төрийн архивт гэрээний үндсэн дээр шилжүүлэн хадгалуулж болно.
28.7.Энэ хуулийн 28.6-д заасан гэрээний загвар, гэрээ байгуулах журмыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
28.8.Төрийн өмчийн бус аpхивын сан хөмpөгийг өмчлөгч байгууллагын үйл ажиллагаа дуусгавар болсон, эсхүл иpгэн нас баpсан тохиолдолд эрх залгамжлагч байхгүй бол тэдгээр архивын баримтыг төрийн өмчид хамааруулж, холбогдох төрийн архивт шилжүүлэн хадгалуулна.
28.9.Төрийн архивт шилжүүлэх архивын баримтын жагсаалтад хамрагдаагүй боловч байгууллага, хувь хүний эрх ашгийг хамгаалах, түүхэн үнэ цэнэтэйд тооцогдох, өмчлөл нь тодорхой бус архивын баримтыг хууль ёсны өмчлөгч нь тогтоогдох хүртэл төрийн архивын эзэмшилд шилжүүлнэ.
28.10.Төрийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтыг шашны байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хуулийн этгээд, хувь хүнд шилжүүлэхийг хориглоно.
28.11.Төpийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар татан буугдах, өөрчлөн байгуулагдах, хувьчлагдах тохиолдолд тэдгээрийн баримтыг холбогдох төрийн архивт шилжүүлж хадгална.
28.12.Музей, номын сан болон төрийн бус байгууллага нь төрийн архивын сан хөмрөгт хамаарах эх баримтаар бүрдүүлэлт хийхийг хориглоно.
28.13.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын зааврыг Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.