22 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан
22.1.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уялдуулан зохицуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, эрхлэн хөтөлнө. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.2.Мэдээллийн нэгдсэн санд эрх бүхий байгууллагын баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, түүнтэй холбогдох тайлан, судалгаа, шинжилгээ, тооцоолол, дүгнэлт, зөвлөмжийг дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлнэ.
22.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл нь холбогдох эрх зүйн акт, тайлан, дүгнэлт, судалгаа, шинжилгээ, баримтаар баталгаажсан байна.
22.4.Холбогдох байгууллага, албан тушаалтан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд оруулах үнэн зөв мэдээллийг цаг хугацаанд нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.5.Мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, мэдээллийн сангийн ангилалт, бүрдүүлэлт, бүртгэл, хадгалалт, хамгаалалт, программчлал, хөгжлийн загвар боловсруулалт, шинэчлэлийг хариуцан зохион байгуулна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./