46 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан

46.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

46.2.Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна.

46.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.

46.4.Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг Хурлын Зөвлөл, Засаг даргын санаачилгаар, эсхүл баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэдийн арваас доошгүй хувь нь санал болгосноор хуралдуулна. Иргэд саналаа гарын үсэг зурах хэлбэрээр илэрхийлнэ.

46.5.Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална.

46.6.Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана.

46.7.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

46.8.Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно.

46.9.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.