52 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх
52.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
52.1.1.тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;
52.1.2.тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
52.1.3.Хурлын хороо, төлөөлөгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;
52.1.4.эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
52.1.5.Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;
52.1.6.Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх;
52.1.7.Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;
52.1.8.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулан биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
52.1.9.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
52.1.10.тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх;
52.1.11.Хуралд ажлаа жил бүр тайлагнах;
52.1.12.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.