61 дугаар зүйл. Хорооны Засаг даргын бүрэн эрх
61.1.Хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
61.1.1.хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;
61.1.2.хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;
61.1.3.хорооны эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлаар хорооны иргэдийн саналыг авах арга хэмжээг зохион байгуулах, дүнг нэгтгэн гаргах;
61.1.4.энэ хуулийн 26.1.3-т заасан асуудлаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гарах шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа, саналаа иргэдийн Нийтийн Хуралд оруулан шийдвэрлүүлэх;
61.1.5.энэ хуулийн 26.1.5-д заасан асуудлаар иргэдийн Нийтийн Хурлаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хорооны иргэдийг оролцуулах арга хэмжээг зохион байгуулах;
61.1.6.улс, нийслэл, дүүргийн чанартай асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хорооны иргэдийг зохион байгуулж оролцуулах;
61.1.7.хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Засаг даргын шийдвэр, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;
61.1.8.байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлага тавих, биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
61.1.9.нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судалж, хууль тогтоомжид заасан нийгмийн халамж, үйлчилгээг зохион байгуулах;
61.1.10.хүн амын хүнс, худалдаа, үйлчилгээ, цахилгаан, дулаан хангамжийн зохион байгуулалт, хүртээмжид хяналт тавьж, түүнийг сайжруулах талаар иргэдээс гарсан санал, хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлах;
61.1.11.сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд сургуульд элсүүлэх, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;
61.1.12.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах, хууль тогтоомжид заасан тохиолдолд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;
61.1.13.хууль тогтоомжид заасны дагуу статистикийн мэдээллийг гаргах;
61.1.14.хууль тогтоомжид заасны дагуу иргэний бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах, цэргийн бүртгэлийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
61.1.15.иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
61.1.16.иргэнийг шагнаж урамшуулах, иргэнд дэмжлэг, тусламж үзүүлэх асуудлыг дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
61.1.17.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;
61.1.18.нутаг дэвсгэрийнхээ хэмжээний газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн дагуу оролцох;
61.1.19.дүүргийн төсөв боловсруулахад хорооны нийгмийн хөгжлийн асуудлаар санал гаргах;
61.1.20.харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж, үйл ажиллагааг нь удирдах;
61.1.21.дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
61.1.22.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.