62 дугаар зүйл. Дүүргийн Засаг даргын бүрэн эрх
62.1.Дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
62.1.1.хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;
62.1.2.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
62.1.3.дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
62.1.4.дүүргийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
62.1.5.дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;
62.1.6.дүүргийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, дүүргийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах захиран зарцуулах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
62.1.7.нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
62.1.8.энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан асуудлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх;
62.1.9.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
62.1.10.дүүргийн татварын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
62.1.11.дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
62.1.12.дүүргийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;
62.1.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.