63 дугаар зүйл. Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
63.1.Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
63.1.1.хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах;
63.1.2.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах;
63.1.3.нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
63.1.4.нийслэлийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
63.1.5.нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;
63.1.6.нийслэлийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, нийслэлийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
63.1.7.Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
63.1.8.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх;
63.1.9.хууль тогтоомжид заасан журмын дагуу гадаад улсын зохих шатны нэгжтэй харилцаж, хамтран ажиллах;
63.1.10.нийслэлийн татварын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
63.1.11.нийслэлийн Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
63.1.12.нийслэлийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;
63.1.13.энэ хуульд заасан үндэслэлээр нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах саналыг Засгийн газарт оруулах;
63.1.14.төрийн дээд шагналд тодорхойлох;
63.1.15.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.