68 дугаар зүйл. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх
68.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, дэд бүтэц, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
68.2.Хот, тосгонд шилжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олгох үүргийг төр хүлээнэ.
68.3.Хотын зэрэглэл, тосгоны онцлогийг харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хязгаарлалт тогтоож болно.
68.4.Энэ хуулийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын чиг үүргийг шилжүүлэхдээ нэгжийн чиг үүргийг хот, тосгонд, нэгж дэх өөрийн удирдлагын чиг үүргийг хотын Зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг хот, тосгоны Захирагчид шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
68.5.Энэ хуулийн 68.1-д заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрийн болон орон нутгийн өмчийг хуульд заасны дагуу хот, тосгонд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
68.6.Хот, тосгоны Зөвлөл, Захирагч нь энэ хуулийн 68.4-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./