11 дугаар зүйл. Сонгуулийн хэсэг байгуулах
11.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Сонгуулийн хэсэг байгуулахдаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний тоог үндэслэнэ.
11.3.Хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймаг, нийслэлд 3000-аас дээшгүй сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.
11.4.Сонгогчдын тооноос хамааран баг, хороог хувааж сонгуулийн хэсэг байгуулж болох бөгөөд хороог бусад хороотой нэгтгэн хэсэг байгуулахыг хориглоно.
11.5.Энэ хуулийн 11.1-д заасны дагуу байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах, сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрийг өөрчлөх асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийдвэрлэж болно.
11.6.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор энэ хуулийн 11.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.7.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 11.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
11.8.Энэ хуулийн 11.6-д заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн хэсгийн дугаарыг улсын хэмжээнд давхардахгүй байхаар тогтооно.
11.9.Ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглоно.
11.10.Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн хэсгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ