12 дугаар зүйл. Сонгуулийн байгууллага
12.1.Сонгуулийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо, гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо, төв комисс, салбар комисс болон хэсгийн хороо нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага /цаашид "сонгуулийн хороо" гэх/ бөгөөд хэсгийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын тамгын газрын дарга, эсхүл тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.4.Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
12.5.Сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад томилохыг хориглоно.
12.6.Сонгуулийн хороодын үйл ажиллагаа тэдгээрийг байгуулсан этгээд нь татан буулгах тухай шийдвэр гаргаснаар дуусгавар болно.
12.7.Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо биелүүлэх үүрэгтэй.
12.8.Дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.
12.9.Дээд шатны сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүргийг биелүүлээгүй нь тухайн доод шатны сонгуулийн хороо, түүний бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэл болно.
12.10.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх, сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд саад учруулах, бусдыг төлөөлж санал өгөх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжих зэрэг хууль бус аливаа үйлдэл хийхийг хориглоно.
12.11.Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнгийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байхад аливаа этгээд санал хураалтын дүнгийн талаар мэдэгдэл хийхийг хориглоно.
12.12.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.
12.13.Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, шахалт үзүүлэх, саад учруулахыг хориглоно.
12.14.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, сонгуулийн зохих шатны байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
12.15.Сонгуулийн хорооны ажиллах байр, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.
12.16.Сонгуулийн хороог аюулгүй байдлыг хангасан ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.
12.17.Сонгуулийн хороод тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
12.18.Энэ хуулийн 12.10-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд энэ нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.