21 дугаар зүйл. Ээлжит бус, дахин сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Ээлжит бус, дахин сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит бус, дахин сонгууль товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, дахин сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.

21.3.Энэ хуулийн 19.6-д заасан байгууллага холбогдох мэдээллийг санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

21.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 21.3-т заасны дагуу хүргүүлсэн мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш нэг хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

21.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.2-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 19.9-д заасан өөрчлөлтийг тусгана.

21.6.Энэ хуулийн 21.5-д заасны дагуу өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.

21.7.Ээлжит бус, дахин сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.