3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."18, 50 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг; /Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.3."итгэмжлэгдсэн ажилтан" гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;

3.1.4."итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.5."Монгол Улсын уугуул иргэн" гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгаа иргэнийг;

3.1.6."Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам" гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг;

3.1.7."сонгогч" гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.8."сонгуулийн эрх бүхий иргэн" гэж 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

3.1.9."сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан" гэж анхан шатны санал хураалт явагдах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг;

3.1.10."сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;

3.1.11."эвсэл" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намыг;

3.1.12."цахим хуудас" гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг;

3.1.13."ял эдэлж байгаа" гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.