4 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль
4.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль /цаашид "Ерөнхийлөгчийн сонгууль" гэх/ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлд заасны дагуу Монголын ард түмэн төрийн тэргүүнээ сонгох үндсэн арга мөн.
4.2.Ерөнхийлөгчийн сонгууль нь ээлжит, ээлжит бус, дахин сонгууль гэсэн төрөлтэй байх бөгөөд анхан болон хоёр дахь шаттай байна:
4.2.1."ээлжит сонгууль" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг;
4.2.2."ээлжит бус сонгууль" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/ огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд явагдах сонгуулийг;
4.2.3."дахин сонгууль" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн нийт сонгогчийн олонхын санал аваагүй тохиолдолд явагдах сонгуулийг.
4.3."Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шат" гэж сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хэлнэ.
4.4."Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат" гэж сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Монгол Улсын Их Хурал түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргахыг хэлнэ.
4.5.Санал хураалт нь хоёр дахь, дахин, нэмэлт гэсэн төрөлтэй байна:
4.5.1."хоёр дахь санал хураалт" гэж нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг оролцуулан явуулах санал хураалтыг;
4.5.2."дахин санал хураалт" гэж энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах санал хураалтыг;
4.5.3."нэмэлт санал хураалт" гэж энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан санал хураалтыг.