5 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

5.1.Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

5.2.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

5.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид "Дипломат төлөөлөгчийн газар" гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.

5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй. /Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.5.Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй.

5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

5.7.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.