8 дугаар зүйл. Сонгууль товлон зарлах
8.1.Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
8.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 06 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.
8.3.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр /цаашид "гадаадад санал авах өдөр" гэх/-ийг энэ хуулийн 8.2-т заасан ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын саналыг харгалзан сонгуулийн төв байгууллага /цаашид "Сонгуулийн ерөнхий хороо" гэх/ тогтоох бөгөөд санал авах өдөр нь хоёр хүртэл өдөр байж болно.
8.4.Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.
8.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.
8.6.Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
8.7.Энэ хуулийн 8.5, 8.6-д заасан онцгой нөхцөл арилсны дараа Монгол Улсын Их Хурал ажлын долоон өдөрт багтаан санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.
8.8.Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг товлон зарлаагүй бол энэ хуулийн 8.7-д заасан ажлын долоон өдрийн дараагийн өдрийг ээлжит сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.
8.9.Монгол Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө тухайн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон энэ хуульд нийцүүлэн товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
8.10.Дахин сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 77.3-т заасан үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргаснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.
8.11.Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батална.