12 дугаар зүйл. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэх асуудлыг энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод явуулна: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу сонирхогч этгээд танилцах боломжийг бүрдүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.2.шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.3.талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны бичлэгийн цахим мэдээллийн сантай байх, тус сангийн мэдээллийг сонирхогч этгээд нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.3.Нээлттэй явуулсан шүүх хуралдааны шийдвэрийг хэргийн оролцогч нарт гардуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн бусад шийдвэр, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийг албажиж гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 12.2.3-т заасан цахим мэдээллийн санд ил тод, нээлттэй байршуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.4.Сонирхогч этгээд энэ хуулийн 12.2.1-д заасан мэдээлэлтэй танилцах журмыг Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.5.Сонирхогч этгээд болон хэвлэл мэдээллийн ажилтан, байгууллага энэ хуулийн 12.2.1-д заасан мэдээллийг бусдад түгээх бол эх сурвалжийг дурдаж, үнэн зөв, гуйвуулахгүйгээр түгээх үүрэг хүлээнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.6.Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд байршуулахтай холбогдсон журмыг Ерөнхий зөвлөл батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.7.Дараах шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.7.1.хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.7.2.авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдаан. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.Нээлттэй шүүх хуралдааны шууд дамжуулалт, дуу-дүрсний бичлэг дараах мэдээллийг агуулсан гарчиг, цахим холбоостой байна: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.1.хуралдаанд оролцогч талуудын нэр; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.2.хуралдаанаар хянан шийдвэрлэж байгаа асуудал, хэрэг, маргаан; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.3.шүүхийн болон шүүх бүрэлдэхүүний нэр; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.4.хуралдааны огноо. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.9.Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр дамжуулах тохиолдолд шүүхийн шийдвэрээр зарим хэсгийг хаахаас бусад тохиолдолд өөрчлөлт оруулах, хэсэгчлэн хасалт хийх, засварлахыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.10.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулан архивт хадгална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.11.Төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд хаалттай явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.12.Энэ хуулийн 12.11-д заасан шийдвэрийг гаргахдаа шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргана. Шүүхийн шийдвэрт шалтгаан, тайлбар, үндэслэлийг тодорхой дурдаж, шийдвэрийг шүүхийн цахим хуудаст байршуулж нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.13.Энэ хуулийн 12.12-т заасан шийдвэрт гомдол, хүсэлт гаргах, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх журмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.14.Шүүх энэ хуулийн 12.2.1, 12.2.2-т заасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, энэ хуулийн 12.2.3-т заасан цахим мэдээллийн санд төрөлжүүлэн архив, албан хэрэг хадгалалтын хугацааны турш, шүүх хуралдааны бичлэгийг Ерөнхий зөвлөлийн баталсан журамд заасан хугацаанд хадгална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.15.Шүүхийн цахим хуудас, цахим мэдээллийн сангийн үйл ажиллагаа, түүнд мэдээлэл оруулах, байршуулах, шүүх хуралдааныг шууд дамжуулах болон олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх журмыг Ерөнхий зөвлөл батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.16.Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид цахимаар нээлттэй, ил тод байлгана: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.16.1.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн цахим платформд нэвтэрч, иргэний болон захиргааны хэргийн материал, талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, хүсэлт, түүнд холбогдох нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шийдвэртэй цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргүүлэх, харилцах боломжийг бүрдүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.16.2.зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлт, шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэр, тогтоол, захирамж, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцтай цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргэх, харилцах боломжийг бүрдүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.