19 дугаар зүйл. Шүүгчдийн зөвлөгөөн
19.1.Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид "Зөвлөгөөн" гэх/ ажиллана.
19.2.Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
19.2.1.тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох;
19.2.2.шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;
19.2.3.шүүгчийг мэргэшүүлэх сургалтын саналаа энэ хуулийн 24.1-д заасан Шүүхийн академид хүргүүлэх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.2.4.тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох;
19.2.5.энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах;
19.2.6.энэ хуулийн 17.1.7-д заасан мэдээлэлтэй танилцах;
19.2.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
19.3.Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана:
19.3.1.шүүх хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх;
19.3.2.цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх.
19.4.Энэ хуулийн 19.2.5-д заасан журам олон нийтэд нээлттэй байна.
19.5.Зөвлөгөөн ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит зөвлөгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус зөвлөгөөнийг тухайн шүүхийн шүүгчдийн гуравны нэг, эсхүл танхим, эсхүл Ерөнхий шүүгчийн саналаар хуралдуулна.
19.6.Шүүгч Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцах, санал гаргах, хуралдаанд оролцох тэгш боломжоор хангагдах бөгөөд шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, шуурхай, үндэслэл бүхий байна.
19.7.Зөвлөгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.
19.8.Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.