20 дугаар зүйл. Нийт шүүгчийн чуулган
20.1.Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид "Нийт шүүгчийн чуулган" гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.
20.2.Нийт шүүгчийн чуулганаар дараах асуудлыг шийдвэрлэнэ:
20.2.1.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах;
20.2.2.шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах;
20.2.3.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох;
20.2.4.энэ хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах;
20.2.5.шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэх, зөвлөмж гаргах.
20.3.Нийт шүүгчийн чуулган хуралдааны дэгээ өөрөө тогтооно.
20.4.Нийт шүүгчийн ээлжит бус чуулганыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл бусад шүүхийн Ерөнхий шүүгчдийн гуравны нэг, эсхүл нийт шүүгчийн тавны нэгээс доошгүйн саналаар хуралдуулна.
20.5.Нийт шүүгчийн олонх оролцсоноор чуулганыг хүчинтэйд тооцох бөгөөд асуудлыг чуулганд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ.
20.6.Нийт шүүгчийн чуулганд шүүгч биечлэн оролцох боломжгүй тохиолдолд түүнийг цахимаар санал өгөх боломжоор хангана.
20.7.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигч шүүгчийг нууц санал хураалтаар сонгоно.
20.8.Нийт шүүгчийн чуулганы шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
20.9.Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг /цаашид "Ажлын хэсэг" гэх/ зохион байгуулна.
20.10.Ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж дуусах хүртэл ажиллах бөгөөд ахлагчаа дотроосоо нууц санал хураалтаар сонгоно. Ерөнхий зөвлөлийн ажлын алба Нийт шүүгчийн чуулганы зохион байгуулалтын асуудлаар Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх бөгөөд чуулганы баримтыг архивлах асуудлыг хариуцна.
20.11.Нийт шүүгчийн чуулган даргалагчаа дотроосоо сонгоно.
20.12.Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох үүрэг бүхий тооллогын комисс ажиллана. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд хяналтын болон давж заалдах шатны шүүхээс тус бүр хоёр, анхан шатны шүүхээс гурван шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Комиссын даргыг гишүүд дотроосоо сонгоно.
20.13.Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.