24 дугаар зүйл. Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.1.Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан шүүгч бэлтгэх болон шүүгчийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи /цаашид “Шүүхийн академи" гэх/ Улсын дээд шүүхийн дэргэд ажиллана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.2.Шүүхийн академи сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэг бүхий бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хороотой байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.3.Шүүхийн академийн бүтэц, орон тоо, ажиллах журам, шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн танхимын саналыг харгалзан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.4.Шүүхийн академи энэ хуулийн 24.2, 24.3-т заасны дагуу батлагдсан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж, шүүгчид багц цаг тооцох бөгөөд холбогдох бүртгэлийг Монголын хуульчдын холбоонд жил бүр хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.5.Шүүхийн академи анхан шатны шүүхэд нэр дэвшигчийн хамрагдах шүүгч бэлтгэх сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах бөгөөд холбогдох бүртгэлийг Ерөнхий зөвлөлд тухай бүр хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.6.Шүүхийн академийн захирал шүүгчдийн зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн шүүхийн ачааллыг харгалзан Ерөнхий зөвлөлийн шийдвэрээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн шүүгчийг нэг жил хүртэл хугацаагаар Шүүгчийн академид шүүгч-сургагч багшаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.7.Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Шүүхийн академид судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.8.Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.