25 дугаар зүйл. Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх

25.1.Улсын дээд шүүх Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.

25.2.Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг дагнасан танхимтай байна.

25.3.Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөн шүүгчээс бүрдэнэ.

25.4.Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана.

25.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч энэ хуулийн 25.2-т заасан танхимын аль нэгд харьяалагдана.

25.6.Улсын дээд шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.

25.7.Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.7.1.хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

25.7.2.энэ хуулийн 25.7.1-д заасан болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх;

25.7.3.хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох;

25.7.4.хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;

25.7.5.Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:

25.7.5.а.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; /Энэ дэд заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ дэд заалтын “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./

/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

25.7.5.б.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; /Энэ дэд заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ дэд заалтын “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./

/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

25.7.5.в.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

25.7.5.г.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой. /Энэ дэд заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.8.Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.8.1.хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүхэд хэрэг, маргааны төрлөөр дагнасан танхим байгуулах, бүрэлдэхүүнийг батлах;

25.8.2.анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхим байгуулах асуудлыг тухайн шүүхийн Зөвлөгөөний эсхүл Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн хэлэлцэж, шийдвэрлэх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.

25.8.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэх, бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид уламжлах;

25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;

25.8.5.хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

25.8.6.энэ хуулийн 73.2-т заасан Ерөнхий зөвлөлийн саналын дагуу, эсхүл энэ хуулийн 6.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;

25.8.7.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах;

25.8.8.улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй болон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, эдгээртэй холбогдсон бүртгэл болон намын нэрийн сан хөтлөх, лавлагаа олгох; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.8.9.хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.8.10.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.8.11.давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журмыг хэлэлцэж, батлах. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.