34 дугаар зүйл. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт

34.1.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг энэ хуулийн 33.3-т заасны дагуу тогтоол гарснаас хойш 60 хоногийн дотор шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авна. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэнэ.

34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.

34.3.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нь нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг хангасан байх бөгөөд шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Ерөнхий зөвлөл хариуцна.

34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.

34.5.Энэ хуулийн 34.4-т заасан тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нэр дэвшигчийн мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга болон холбогдох баримт бичгийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах бөгөөд 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчийн талаарх саналаа Ерөнхий зөвлөлд хүргүүлж болно. Нэр, хаяггүй саналыг хүлээн авахгүй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.6.Энэ хуулийн 34.4-т заасан нэр дэвшигчийг тохиолдлын журмаар Ерөнхий зөвлөлийн гишүүн /цаашид "илтгэгч гишүүн" гэх/-д тэнцвэртэй хуваарилна. Илтгэгч гишүүн өөрт хуваарилагдсан нэр дэвшигчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажиллаж байсан нэр дэвшигчийн хувьд хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанар, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлагын дүн зэргийг судалсны үндсэн дээр тухайн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлсэн үндэслэл бүхий тайлан бичиж, Ерөнхий зөвлөлийн бусад гишүүнд хүргүүлж, хуралдаанд танилцуулна.

34.7.Ерөнхий зөвлөл нэр дэвшигчтэй ярилцлага хийсний дараа дараах зүйлийг үндэслэн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг уг шалгалтад тэнцсэнд тооцно:

34.7.1.нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага;

34.7.2.нэр дэвшигчийн баримт бичиг;

34.7.3.нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт;

34.7.4.олон нийтээс хүлээн авсан санал;

34.7.5.илтгэгч гишүүний тайлан;

34.7.6.бусад.

34.8.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ.

34.9.Энэ хуулийн 34.8-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

34.10.Шүүгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд ил тод байх бөгөөд шалгалттай холбогдуулан гаргасан Ерөнхий зөвлөлийн шийдвэр үндэслэл бүхий, оролцогч болон сонирхогч этгээдэд ойлгомжтой, нээлттэй байна.

34.11.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авахдаа зохих журмын дагуу хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулж болно.

34.12.Шалгалт авах арга, хэлбэр, үнэлэх аргачлал, нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах, олон нийтээс санал хүлээн авах болон холбогдох бусад харилцааг энэ хуулийн 72.1.5-д заасан журмаар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.