33 дугаар зүйл. Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх

33.1.Энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан иргэн энэ хуулийн 32.2-т заасны дагуу зарыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүгчид нэрээ дэвшүүлж, өргөдөл гаргах эрхтэй.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасны дагуу өргөдөл гаргагч нь энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан тухай баримтыг өргөдөл, анкет, мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, оршин суугаа газрын хаяг, гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа, Монгол Улсын иргэний үнэмлэх, мэргэжлийн боловсролын диплом, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхлэлтийн талаарх болон бусад баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт Ерөнхий зөвлөлд цахимаар болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

33.3.Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргана.

33.4.Энэ хуулийн 33.3-т заасан тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах бөгөөд хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нийтлэхгүй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхсон этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналаа Ерөнхий зөвлөлд ирүүлэх бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй.

33.6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэдээллийг тухайн шүүхийн болон нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

33.7.Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх баримт бичиг, бүртгэлтэй холбогдсон харилцааг энэ хуулийн 72.1.5-д заасан журмаар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.