32 дугаар зүйл. Шүүгчийг сонгон шалгаруулах журам
32.1.Хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулна.
32.2.Ерөнхий зөвлөл дараах хугацаанд шүүгчийн сонгон шалгаруулалтын зарыг өөрийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ:
32.2.1.шүүгч энэ хуулийн 47.6-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол тэтгэвэр тогтоолгох өдрөөс 120-оос доошгүй хоногийн өмнө Ерөнхий зөвлөлд мэдэгдэх бөгөөд сул орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө;
32.2.2.шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээр бол сул орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө;
32.2.3.энэ хуулийн 32.2.1, 32.2.2, 32.8-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн сул орон тоо гарсан бол тухайн өдрөөс хойш 14 хоногийн дотор. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
32.3.Энэ хуулийн 32.2-т заасан зард шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх болзол, шаардлага, өргөдөл, хавсралт баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, сонгон шалгаруулах хугацаа, журам, газрыг тодорхойлсон байна.
32.4.Энэ хуулийн 32.2-т заасан зарыг тухайн шүүгчийн ажиллах аймаг, нийслэлийн өдөр тутмын хэвлэлд нийтэлж болно.
32.5.Ерөнхий шүүгч тухайн шатны шүүхийн шүүгч, эсхүл өөрөө шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээс 120-оос доошгүй хоногийн өмнө, бусад үндэслэлээр шүүгчийн сул орон тоо гарсан бол Ерөнхий зөвлөлд ажлын таван өдрийн дотор мэдэгдэнэ.
32.6.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүх болон сэлгэн ажиллах боломжгүй давж заалдах шатны шүүхээс энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу шүүгч гишүүнээр сонгогдсон тохиолдолд тухайн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
32.7.Энэ хуулийн 32.6-д заасан шүүгч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгон шалгаруулалт зарлахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
32.8.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.8-д заасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./