31 дугаар зүйл. Шүүгчид тавих болзол, шаардлага
31.1.Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:
31.1.1.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
31.1.2.шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;
31.1.3.шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;
31.1.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
31.1.5.шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх.
31.2.Шүүгчээр томилогдон ажиллахад харшлах өвчний жагсаалт болон энэ хуулийн 40.2.2-т заасан эрүүл мэндийн шалтгааныг тогтоох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.
31.3.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 31.1-д зааснаас гадна анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байна.
31.4.Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 31.1-д зааснаас гадна дараах шаардлагын аль нэгийг хангасан байна:
31.4.1.шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан;
31.4.2.прокурор, эсхүл өмгөөлөгчөөр дагнан 10-аас доошгүй жил ажилласан;
31.4.3.магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд 10-аас доошгүй жил багшилсан.
31.5.Сүүлийн зургаан жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан хүнийг шүүгчээр томилохыг хориглоно.
31.6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь энэ хуулийн 31.4.1-д заасан шүүгч байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан байна.
НАЙМДУГААР БҮЛЭГ ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ