40 дугаар зүйл. Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох

40.1.Шүүгч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, чөлөөлөгдөж болно.

40.2.Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч дараах үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, чөлөөлнө:

40.2.1.шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан;

40.2.2.эрүүл мэндийн шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон;

40.2.3.шүүгч Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсоноос бусад ажил, албан тушаалд шилжсэн, томилогдсон, сонгогдсон;

40.2.4.Монгол Улсын харьяатаас гарах болсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх, зөвшөөрөл авсан;

40.2.5.шүүгч Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.2.6.шүүгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

40.2.7.шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

40.2.8.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

40.2.9.шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн.

40.3.Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно.

40.4.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнээр ажиллах хугацаа дууссан нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.

40.5.Шүүгч огцорсон бол түүнийг шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

40.6.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх бол хүсэлтээ Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнд гаргах бөгөөд Зөвлөгөөн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна. Ерөнхий шүүгч албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэлээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.