49 дугаар зүйл. Шүүгчийн халдашгүй байдал
49.1.Шүүгч халдашгүй байх эрхтэй бөгөөд түүнийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулиар хамгаална.
49.2.Шүүгчийн халдашгүй байдалд дараах зүйл хамаарна:
49.2.1.амь нас;
49.2.2.ажлын байр, хувийн болон албаны орон сууц;
49.2.3.ажил хэргийн нэр хүнд;
49.2.4.эзэмшиж, ашиглаж байгаа хувийн болон албаны тээвэр, холбооны хэрэгсэл;
49.2.5.өөрийнх нь мэдэлд байгаа бичиг баримт, ачаа тээш, бусад эд хөрөнгө;
49.2.6.захидал харилцааны мэдээлэл. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
49.3.Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдоогүй тохиолдолд шүүгчээр ажиллаж байсан хүний бүрэн эрх нь дуусгавар болсны дараа шүүн таслах ажиллагааг эрхэлж байх үедээ илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнх нь төлөө аливаа хариуцлагад татахыг хориглоно.
49.4.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага энэ байдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг даруй авах үүрэгтэй.
49.5.Энэ хуулийн 49.4-т заасан арга хэмжээг авах нөхцөл, журмыг Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
49.6.Шүүгч аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор бие хамгаалах тусгай хэрэгслийг эзэмших, биедээ авч явах эрхтэй.
49.7.Шүүгчийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай баривчилсан бол энэ тухай Сахилгын хороонд 48 цагийн дотор мэдэгдэнэ.
49.8.Сахилгын хороо шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ажлын хоёр өдрийн дотор хуралдаанаараа шийдвэрлэнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ШҮҮГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ