56 дугаар зүйл. Шүүгчид оногдуулах сахилгын шийтгэл

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Шүүгчид оногдуулах сахилгын шийтгэл

56.1.Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол Сахилгын хороо дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:

56.1.1.хаалттай сануулах;

56.1.2.нээлттэй сануулах;

56.1.3.цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах;

56.1.4.шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;

56.1.5.огцруулах.

56.2.Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.

56.3.Энэ хуулийн 56.1.5-д заасан шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.

56.4.Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.

56.5.Энэ хуулийн 56.1.4-т заасан шийтгэл оногдуулсан хугацаанд шүүгчид албан тушаалын цалинг 50 хувиар тооцож олгоно.

56.6.Энэ хуульд заасан хугацааг тодорхойлох, тоолоход Иргэний хуулийн Наймдугаар бүлэгт заасан зарчмыг баримтална.

56.7.Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна.

56.8.Дараах үндэслэл бий болсон тохиолдолд шүүгчийг огцорсонд тооцож Сахилгын хороо шийдвэр гаргана:

56.8.1.энэ хуулийн 56.1.1, 56.1.2-т заасан шийтгэл оногдуулах зөрчлийг 10-аас дээш удаа, эсхүл энэ хуулийн 56.1.3, 56.1.4-т заасан шийтгэл оногдуулах зөрчлийг таваас дээш удаа гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн;

56.8.2.гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

56.9.Сахилгын хороо шүүгчийг огцруулсан бол Ерөнхийлөгчид танилцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.