66 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

66 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох

66.1.Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцоно.

66.2.Энэ хуулийн 63.3-т заасан иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэнийг оролцуулна.

66.3.Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

66.3.1.шүүх хуралдааны үед тодруулах асуулт тавих замаар нотлох баримт шинжлэхэд оролцох;

66.3.2.шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, зохигч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, гэрч, шинжээчид асуулт тавих;

66.3.3.хэргийн үйл баримтад үнэлэлт өгч,шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаарбичгээрдүгнэлт гаргах;

66.3.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

66.4.Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтийг бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, дүгнэлтийг амаар гаргаж болно.

66.5.Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

66.6.Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.

66.7.Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана.

66.8.Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана.

66.9.Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.