71 дугаар зүйл. Шүүхийн бие даасан байдлыг хангах

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Шүүхийн бие даасан байдлыг хангах

71.1.Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

71.1.1.шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах тогтолцоо, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;

71.1.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоох, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах саналыг боловсруулан Улсын дээд шүүхтэй зөвшилцөн Засгийн газарт уламжлах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

71.1.3.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчийн орон тоог тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд уламжлах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

71.1.4.шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, санал өгөх, эрх бүхий этгээд, хууль санаачлагчид уламжлах;

71.1.5.өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх;

71.1.6.шүүхийг хэвийн, тасралтгүй ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах;

71.1.7.шүүхийн Тамгын газрыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны нийтлэг дүрмийг тогтоох;

71.1.8.шүүхийн Тамгын газар, шүүхийн тусгай архивт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

71.1.9.шүүхийн Тамгын газрын ажлын үр дүн, түүний даргын ажил үүргийн хуваарийг тодорхойлох, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлэх, Ерөнхий зөвлөлийн ажлын алба, шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг батлах, ажилтны ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнд суурилсан урамшууллыг батлагдсан цалингийн санд багтаан тогтоох; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

71.1.10.шүүхийн захиргааны албыг удирдаж, энэ талаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах;

71.1.11.шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх;

71.1.12.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем, цахимаар шүүх хуралдааныг зохион байгуулах программ хангамжийг хөгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах;

71.1.13.шүүхийн Тамгын газар хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, нэгдсэн аргачлал, загвар батлах, мөрдүүлэх;

71.1.14.шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах болон шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг хуульд заасны дагуу батлах;

71.1.15.шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, лавлагаагаар хангах, аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн төлөөлөгчид хориглосон үйлдэлд хяналт тавих, үйлдэл гарсан тохиолдолд холбогдох байгууллагад хандах;

71.1.16.шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах;

71.1.17.өөрийн эрх хэмжээний хүрээнд хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, энэ талаар шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг шалгах, хяналт тавих;

71.1.18.шүүхийн тээвэр, холбоо, мэдээлэл шинжилгээ, программ хангамж, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулах;

71.1.19.техник хэрэгсэл, түүнийг ашиглах мэргэжилтнээр хангаж, засвар үйлчилгээг зохион байгуулах;

71.1.20.шүүхийн нэгдсэн сүлжээнд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагыг холбож, түүнийг ашиглах техникийн нөхцөлөөр хангах;

71.1.21.шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журам баталж, мөрдүүлэх;

71.1.22.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулах;

71.1.23.Монгол Улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомж, Засгийн газраас баталсан журмын дагуу гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар байгууллага хоорондын гэрээ байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

71.1.24.хэргийн хөдөлгөөний хяналтын болон мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, бүх шатны шүүхийн шүүх хуралдааны товыг нэгдсэн системд байршуулах;

71.1.25.хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэг хянан шийдвэрлэх дундаж хугацаа, үзүүлэлт, ажиллагаанд байгаа хэргийн насжилт, тодорхой хэргийн хөдөлгөөний талаар хяналт-шинжилгээ хийх болон хуульд заасан бусад аргыг ашиглан хэрэгжүүлэх;

71.1.26.хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тогтоосон журмын дагуу хуваарилсан, томилсон эсэхэд хяналт тавих, улирал бүр нийтэд мэдээлэх, хүсэлт гаргасан этгээдэд уг мэдээллийг гаргаж өгөх;

71.1.27.цахимаар хийсэн худалдаа, цахим орчинд хийсэн гэрээ, хэлцэл, интернэт үйлчилгээ, интернэт орчинд анх удаа хэвлэгдсэн бүтээлийн зохиогчийн эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн талаар маргаан, интернэтэд нийтлэгдсэн буюу түгээсэн бүтээлийн зохиогчийн эрх буюу бусад холбоотой эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаан, интернэтийн домэйн нэр, эзэмшил, түүний зөрчилтэй холбоотой маргааныг тухайлан хуульд заасан тохиолдолд цахим шүүхээр шийдвэрлэх платформ, эсхүл шүүх хуралдааныг цахимаар хэрэгжүүлэх программ хангамжийг хөгжүүлэх;

71.1.28.шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах цахим платформ, программ хангамж, техникийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдох хуульд нийцүүлэн тодорхойлох, нэвтрүүлэх, хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

71.1.29.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөлжсөн цахим мэдээллийн санг нийтийн мэдээллийн дэд бүтэцтэй уялдуулан бүрдүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

71.1.30.хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Тайлбар:-Энэ хуульд заасан “Шүүхийн цахим платформ” гэж шүүхийн үйл ажиллагаанд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон түүний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий үндсэн программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн системийг хэлнэ.

71.1.32.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.2.Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх журмыг Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.