72 дугаар зүйл. Шүүхийг хүний нөөцөөр хангах
72.1.Ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
72.1.1.хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах;
72.1.2.шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулах;
72.1.3.шүүгчийг томилуулах, шилжүүлэх, албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх;
72.1.4.шүүгчийг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргах;
72.1.5.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтанд тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам боловсруулж батлах, хэрэгжилтийг зохион байгуулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
72.1.6.шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтыг Улсын дээд шүүх болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
72.1.7.шүүхийн захиргааны байгууллагын ажилтны ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, журмыг тогтоож хэрэгжүүлэх;
72.1.8.хууль тогтоомжийн дагуу шүүхийн захиргааны ажилтанд зэрэг дэв олгох, түүнийг төрийн шагнал, хүндэт цолд тодорхойлох, шүүхийн шагналын журмыг баталж, мөрдүүлэх;
72.1.9.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /цаашид "Гүйцэтгэх нарийн бичгийн дарга" гэх/, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;
72.1.10.шүүгч гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх бол чөлөө олгох;
72.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.