73 дугаар зүйл. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
73.1.Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
73.1.1.энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах;
73.1.2.шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх;
73.1.3.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулах;
73.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
73.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ.
73.3.Энэ хуулийн 73.2-т зааснаас бусад этгээд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ.
73.4.Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ.