74 дугаар зүйл. Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

74 дугаар зүйл. Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах

74.1.Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

74.1.1.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх;

74.1.2.шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;

74.1.3.шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;

74.1.4.шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, олон нийтэд нээлттэй байлгах, аюулгүй байдлыг хангах стандартад нийцсэн шүүхийн байр, хуралдааны танхим болон бусад барилга байгууламж барих, засвар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төлөвлөх, зураг төсвийг захиалан боловсруулах, гүйцэтгэлийг хангах;

74.1.5.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, хянан шалгаж, удирдах;

74.1.6.шүүхийг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх;

74.1.7.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах;

74.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

74.2.Шүүх, шүүгч нь үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахад шаардагдах байр, иргэдийг хүлээн авах болон шүүх хуралдааны танхим, тээвэр, холбоо, мэдээллийн болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж, хамгаалалтаар хангагдсан байх бөгөөд тэдгээрийн стандарт, нөхцөлийг Ерөнхий зөвлөл тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.