75 дугаар зүйл. Мэдээллээр хангах
75.1.Ерөнхий зөвлөл мэдээллээр хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
75.1.1.шүүхийн захиргааны үйл ажиллагааны статистик мэдээлэл гаргах;
75.1.2.шүүхийн санхүүгийн нэгдсэн тайлан, мэдээг гаргах, судлах, боловсруулалт хийх;
75.1.3.шүүхийн захиргааны ажлын практикийг судлах;
75.1.4.шүүхийн цахим болон бусад хэлбэрийн мэдээллийн сан бүрдүүлэх;
75.1.5.эрх зүйн онол, практикийн судалгаа, гарын авлага зэрэг албан хэрэгцээний сан бүрдүүлж, тогтмол шинэчлэх, ашиглалтыг зохион байгуулах;
75.1.6.шүүхийг Монгол Улсын хуулийн албан ёсны эхээр тогтмол хангах болон хууль тогтоомжийн актын бүртгэл, хөдөлгөөн, лавламжийн ажлыг зохион байгуулах;
75.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
75.2.Ерөнхий зөвлөл болон шүүхийн Тамгын газар дараах байдлаар олон нийтийг мэдээллээр хангана:
75.2.1.шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг захиргааны удирдлагаар хангах, шүүгчийг шилж олох, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол мэдээлэх;
75.2.2.шүүхийн шийдвэр, тогтоолыг эмхэтгэн хэвлэх болон цахим хуудаст тогтмол байршуулах;
75.2.3.шүүхийн цахим хуудасны мэдээллийг тогтмол шинэчлэх;
75.2.4.мэдээлэл, лавлагааны үйлчилгээг зохион байгуулах;
75.2.5.шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах.