76 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа
76.1.Ерөнхий зөвлөл орон тооны 10 гишүүнээс бүрдэх бөгөөд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллана.
76.2.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.
/Үндсэн хуулийн цэцээс энэ хэсгийн “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
76.3.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна.
76.4.Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхий зөвлөлийн даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно.
76.5.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн гишүүн сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно.
76.6.Ерөнхий зөвлөлийн нөхөн сонгогдсон, томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
76.7.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол өөр хүнийг энэ хуульд заасан журмын дагуу нөхөн сонгох, эсхүл нөхөн томилно.
76.8.Ерөнхий зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.
76.9.Ерөнхий зөвлөлийн гишүүн төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин хөлс, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана.
76.10.Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, зэрэг дэв, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./