77 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, томилох, сонгох журам
77.1.Улсын Их Хурал Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг дараах журмаар нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилно:
77.1.1.Ерөнхий зөвлөлийн дарга тус зөвлөлийн шүүгч бус гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 120-оос доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Байнгын хороонд болон олон нийтэд энэ тухай мэдэгдэх;
77.1.2.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш 14 хоногийн дотор, хэрэв чуулганы чөлөө цагт эдгээр нөхцөл бий болсон бол ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Байнгын хорооноос Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;
77.1.3.иргэн сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт Байнгын хороонд хүргүүлэх:
77.1.3.а.Ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ бичсэн тайлбар;
77.1.3.б.төрийн албан хаагчийн анкет;
77.1.3.в.мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга;
77.1.3.г.нийгмийн даатгалын дэвтэр, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
77.1.3.д.энэ хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг.
77.1.4.Байнгын хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын цахим хуудаст хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг байршуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
77.1.5.Байнгын хороо энэ хуулийн 77.1.4-т заасан мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхсон этгээдээс нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй;
77.1.6.Байнгын хороо энэ хуулийн 77.1.2-т заасан зарыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгуулах.
77.2.Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална.
77.3.Ажлын хэсэг энэ хуулийн 77.1.2-т заасны дагуу зарыг нийтэд мэдээлснээс хойш 60 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгоно.
77.4.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг дараах журмаар зохион байгуулна:
77.4.1.энэ хуульд заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан нэр дэвшигчийг бүртгэн нийтэд мэдээлэх;
77.4.2.нэр дэвшигчийг тохиолдлын журмаар ажлын хэсгийн гишүүдэд тэнцвэртэй хуваарилж, илтгэгч гишүүнийг томилох;
77.4.3.илтгэгч гишүүн нь нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээллийг бүрдүүлж, тухайн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичих;
77.4.4.ажлын хэсгийн гишүүд илтгэгч гишүүний тайлан болон холбогдох бусад баримт, мэдээлэлд үндэслэн нууцаар санал хураах;
77.4.5.энэ хуулийн 77.4.4-т заасан санал хураалтын дүнгээр Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор болон дараагийн олонхын санал авсан хоёр хүртэл хүний хамт нэр дэвшүүлж, Байнгын хороонд тайлангийн хамт ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх.
77.5.Байнгын хороо энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу ирүүлсэн тайланг хүлээн авснаас хойш дараах ажиллагааг хийнэ:
77.5.1.хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг агуулсан тайланг ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
77.5.2.энэ хуулийн 77.5.1-д заасны дагуу тайланг байршуулснаас хойш ажлын таван өдрийн дотор томилгооны сонсголын товыг зарлах;
77.5.3.тайланг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй;
77.5.4.энэ хуулийн 77.5.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хуульд заасны дагуу томилгооны сонсголыг зохион байгуулах.
77.6.Энэ хуулийн 77.5.4-т заасны дагуу томилгооны сонсголыг хийснээс хойш ажлын таван өдрийн дотор нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох эсэх талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
77.7.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилно.
77.8.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу Улсын Их Хуралд нэр дэвшүүлнэ.
77.9.Энэ хуулийн 77.8-д заасан нөхцөлд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигч байхгүй бол ажлын таван өдрийн дотор Байнгын хороо сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 90 хоногийн дотор энэ зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг дахин явуулна.
77.10.Улсын Их Хурлаас татгалзсан нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэхгүй.
77.11.Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
77.12.Нийт шүүгчийн чуулган Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг дараах журмаар нэр дэвшүүлж, сонгоно:
77.12.1.Ерөнхий зөвлөлийн дарга тус зөвлөлийн шүүгч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш ажлын таван өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;
77.12.2.Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсноос хойш 14 хоногийн дотор Нийт шүүгчийн чуулганы товыг энэ хуулийн 20.4-т заасны дагуу зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх бөгөөд нийтэд мэдээлснээс хойш 45 хоногийн дараа Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах;
77.12.3.Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүгч Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт энэ хуулийн 20.9-д заасан Ажлын хэсэгт хүргүүлэх:
77.12.3.а.Ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ бичсэн тайлбар;
77.12.3.б.мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга.
77.12.4.Ажлын хэсэг баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
77.12.5.мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг Ажлын хэсэг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй.
77.13.Нэр дэвшигч Нийт шүүгчийн чуулганд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ танилцуулж, оролцогчийн асуултад хариулна.
77.14.Нэр дэвшигчийн танилцуулга хийх дарааллыг тохиолдлын журмаар тогтоож, танилцуулга хийх, энэ хуулийн 77.12.5-д заасны дагуу ирүүлсэн асуултад хариулах ижил хугацааг нэр дэвшигч бүрд олгоно.
77.15.Нийт шүүгчийн чуулганд оролцогчид нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах бөгөөд санал хураалтыг цахим хэлбэрээр явуулж болно.
77.16.Нийт шүүгчийн чуулганд оролцогчдын олонхын санал авсан нэр дэвшигчдийг саналын дарааллаар эрэмбэлж, сул орон тооны тоогоор Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд тооцно. Санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч оролцогчдын олонхын санал аваагүй бол дахин санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно.
77.17.Ажлын хэсэг энэ хуулийн 77.16-д заасан санал хураалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор Нийт шүүгчийн чуулганы шийдвэр, тэмдэглэлийг үйлдэж, Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
77.18.Энэ хуулийн 77.12.3-т заасан хугацаанд хүсэлт гаргаагүй шүүгчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгохыг хориглоно.
77.19.Ерөнхий зөвлөлийн гишүүнд шүүгчийг нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаанд шүүгчийн хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бусад асуудлыг энэ хуулийн 20.3-т заасан дэгээр зохицуулна.