МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Шүүх, хууль сахиулах, процесс · 118 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/2 (79–118-р зүйл) · legalinfo.mn ↗

79 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн хуралдаан, түүнээс гарах шийдвэр

79.1.Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан /цаашид "Хуралдаан" гэх/ байх бөгөөд хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

79.2.Хуралдааныг сард хоёроос доошгүй удаа хийх бөгөөд гишүүдийн олонхын ирцтэйгээр асуудлыг хэлэлцэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ.

79.3.Ерөнхий зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

79.4.Ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Ерөнхий зөвлөлийн даргын санаачилгаар, эсхүл гурав, түүнээс дээш гишүүдийн шаардсанаар зарлан хуралдуулна.

79.5.Ерөнхий зөвлөлийн дарга гарын үсэг зурж, тамга дарснаар энэ хуулийн 79.1-д заасан тогтоол хүчин төгөлдөр болно.

79.6.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана.

79.7.Ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбогдуулан гаргасан шийдвэрээ тухай бүр, ажлын тайланг жил бүр өөрийн цахим хуудаст байршуулна.

80 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх

80.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

80.1.1.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцах;

80.1.2.хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;

80.1.3.хуралдаанд таслах эрхтэй оролцох;

80.1.4.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

80.1.5.хуралдааныг зарлан хуралдуулахаар шаардах;

80.1.6.хуралдаан болохоос ажлын гурваас доошгүй өдрийн өмнө холбогдох баримт бичгийг урьдчилан хүлээн авч, танилцах;

80.1.7.хүндэтгэн үзэх шалтгаантай бол хуралдаанд цахим хэлбэрээр оролцох, эсхүл саналаа бичгээр өгөх;

80.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

81 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн даргын бүрэн эрх

81.1.Ерөнхий зөвлөлийн дарга энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

81.1.1.Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

81.1.2.Ерөнхий зөвлөлийг тэргүүлж, дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

81.1.3.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;

81.1.4.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан, Засгийн газрын хуралдаанд Ерөнхий зөвлөлийн байр суурийг илэрхийлэх, төсвийн болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх;

81.1.5.хуралдааныг товлох, даргалах, хуралдааны бэлтгэл, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

81.1.6.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

81.1.7.Ажлын алба, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

81.1.8.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын даргад нэр дэвшүүлэх, сахилгын шийтгэл оногдуулах;

81.1.9.Ажлын албыг ерөнхий удирдлагаар хангах;

81.1.10.шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд жил бүр танилцуулах;

81.1.11.Ерөнхий зөвлөлийн ажлын тайланг Нийт шүүгчийн чуулганд танилцуулах;

81.1.12.шүүхийн төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийг холбогдох журмын дагуу олгох;

81.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

81.2.Ерөнхий зөвлөлийн дарга Ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, сум буюу сум дундын, нийслэл, дүүргийн болон дагнасан шүүх, шүүхийн захиргааны бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

81.3.Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа,хангамжтай байна.

81.4.Ерөнхий зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн орлон гүйцэтгэнэ.

81.5.Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж, тушаал гаргана.

82 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний үүрэг, хориглох зүйл

82.1.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шударга, хараат бус байх, бодитой хандах, хууль дээдлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, нөхцөл үүссэн бол татгалзан гарах, Ерөнхий зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг чандлан сахих үүрэгтэй.

82.2.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнд дараах зүйлийг хориглоно:

82.2.1.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд болон уг хугацаа дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор шүүгчид нэр дэвших;

82.2.2.ашиг сонирхлын зөрчил үүсгэх, эсхүл өөрт хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох;

82.2.3.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн нууцыг задруулах, хувийн ашиг сонирхлыг хангах зорилгоор ашиглах;

82.2.4.улс төрийн үйл ажиллагаа явуулах;

82.2.5.шүүн таслах ажиллагаа, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох;

82.2.6.нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтын болон үнэлгээ, шалгалтын баримт бичгийг урьдчилан ил болгох, тодорхой нэр дэвшигчийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх;

82.2.7.нэр дэвшигчийн үнэлгээг үндэслэлгүйгээр өөрчлөх;

82.2.8.Сахилгын хорооны дарга, гишүүнд нөлөөлөх;

82.2.9.Ерөнхий зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг, шан харамж авах, өөртөө аливаа давуу байдал бий болгохыг шаардах.

83 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах

83.1.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

83.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

83.1.2.өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

83.1.3.өөрөө хүсэлт гаргасан.

83.2.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр огцруулна:

83.2.1.хуралдааныг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан;

83.2.2.гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

83.2.3.энэ хуулийн 34.3-т заасны дагуу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй байх, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг зөрчсөн, эсхүл шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг задруулсан;

83.2.4.энэ хуулийн 82.1, 82.2-т заасныг ноцтой, эсхүл удаа дараа зөрчиж, тухайн албан тушаалыг эрхлэхэд тохирохгүй нь илэрхий болсон.

83.3.Энэ хуулийн 83.2-т заасан зөрчил гарсан тухай өргөдөл, мэдээллийг Сахилгын хороонд гаргана.

83.4.Сахилгын хороо Ерөнхий зөвлөлийн гишүүний талаарх өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Сахилгын хэрэг үүсгэсэн бол тухайн өргөдөл, мэдээллийн үндэслэлийг шалгах хараат бус шинжээч /цаашид "шинжээч" гэх/-ийг Сахилгын хороо томилно.

83.5.Шинжээч томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор өргөдөл, мэдээлэлд дурдсан зөрчлийн талаарх баримт, мэдээллийг цуглуулж, хууль зүйн дүгнэлт гаргах бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

83.6.Шинжээч энэ хуулийн 83.2-т заасан сахилгын зөрчил гарсан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол Сахилгын хороо уг дүгнэлтийг эрх бүхий этгээдэд даруй хүргүүлж, Ерөнхий зөвлөлийн гишүүнийг огцруулах эсэх асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ:

83.6.1.Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг огцруулах асуудлыг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж, Нийт шүүгчийн чуулганд оролцогчдын олонхын саналаар, нууцаар санал хурааж, шийдвэрлэх;

83.6.2.Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх;

83.6.3.гэмт хэргийн шинжтэй бусад үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх.

83.7.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний энэ хуулийн 82.1, 82.2-т заасныг зөрчсөн үйлдэлд огцруулах шийтгэл оногдуулахааргүй бол зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохируулан хаалттай, эсхүл нээлттэй сануулах шийтгэлийг Ерөнхий зөвлөл оногдуулах бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн гишүүнийг оролцуулахгүй.

83.8.Сахилгын хороо энэ хуулийн 82.1, 82.2-т заасныг зөрчсөн талаарх өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, хянан шийдвэрлэх журмыг хараат бус, бодитой байх зарчимд нийцүүлэн батална.

83.9.Сахилгын зөрчилд шалгагдаж байгаа Ерөнхий зөвлөлийн гишүүн энэ хуулийн 102.1.1, 102.1.2-т заасан эрх эдэлж, энэ хуулийн 102.2-т заасан үүргийг биелүүлнэ.

83.10.Ерөнхий зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, эсхүл санал өгсөн шийдвэрийн агуулгад үндэслэн огцруулах, бусад сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.

84 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, түүний бүрэн эрх

84.1.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлын албаны төсвийн шууд захирагч байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

84.1.1.Ерөнхий зөвлөлийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;

84.1.2.Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтныг Ерөнхий зөвлөлийн даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх;

84.1.3.Ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийг захиран зарцуулах, тайлагнах;

84.1.4.хуралдааны бэлтгэл, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

84.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

84.2.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

84.3.Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө.

84.4.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.

84.5.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлаа Ерөнхий зөвлөлд хариуцан тайлагнана.

85 дугаар зүйл. Шүүхийн Тамгын газар

85.1.Шүүх нь Тамгын газартай байна.

85.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.

85.3.Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.

85.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.

85.5.Шүүхийн Тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

85.6.Улсын дээд шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоо, албан тушаалын цалингийн хэмжээг ажлын ачаалал, онцлогийг харгалзан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн батална. Улсын дээд шүүхийн Тамгын газар нь энэ хуулийн 25.8.8-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий нэгжтэй байна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

86 дугаар зүйл. Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг

86.1.Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

86.1.1.энэ хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

86.1.2.шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

86.1.3.шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

86.1.4.шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

86.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

86.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг авах;

86.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх;

86.1.8.тухайн шүүхийн шүүн таслах болон бусад ажиллагааны тоон мэдээлэл гаргах;

86.1.9.иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх;

86.1.10.хуульд заасан бусад.

86.2.Шүүх хуралдааны тэмдэглэлийг мэдээллийн технологи ашиглан хөтөлж болно.

87 дугаар зүйл. Шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрх

87.1.Шүүхийн Тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

87.1.1.шүүхийн Тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах;

87.1.2.шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх;

87.1.3.шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;

87.1.4.шүүхийн Тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхэд танилцуулах;

87.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

87.2.Шүүхийн Тамгын газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.

87.3.Шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглоно.

88 дугаар зүйл. Шүүхийн захиргааны ажилтан

88.1.Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын газрын ажилтан нь шүүхийн захиргааны ажилтан байна.

88.2.Шүүхийн захиргааны ажилтан дараах шаардлагыг хангасан байна:

88.2.1.Монгол Улсын иргэн байх;

88.2.2.Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан болзол, шаардлагыг хангасан байх;

88.2.3.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

88.2.4.хуульд заасан ёс зүйн шаардлагыг хангасан байх;

88.2.5.тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, боловсрол, туршлагатай байх.

89 дугаар зүйл. Шүүгчийн туслах

89.1.Шүүгч туслахтай байх бөгөөд шүүгчийн туслах эрх зүйч мэргэжилтэй байна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

89.2.Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 89.1-д зааснаас гадна хэрэг, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий гурав хүртэл судлаач туслахтай байх бөгөөд судлаач туслах нь шинжлэх ухааны судалгааны арга зүй болон гадаад хэлний зохих мэдлэгтэй байна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

89.3.Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

89.3.1.шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах;

89.3.2.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх;

89.3.3.шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;

89.3.4.хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай хууль тогтоомжийн талаар болон бусад мэдээлэл бэлтгэх зэргээр шүүгчид туслах;

89.3.5.хэргийг товьёглон хөтлөх;

89.3.6.тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах;

89.3.7.шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох;

89.3.8.шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах;

89.3.9.улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэхийг хянах;

89.3.10.хуульд заасан бусад.

89.4.Шүүгчийн туслахаар гурваас доошгүй жил ажилласан бол анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.

90 дугаар зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

90.1.Шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллана.

90.2.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

90.2.1.шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;

90.2.2.шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх;

90.2.3.шүүх хуралдааныг дууны, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах;

90.2.4.шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчид хуульд заасны дагуу танилцуулан, шүүгчээр баталгаажуулж, хэрэгт хавсаргах.

91 дугаар зүйл. Шүүхийн захиргааны бусад ажилтан

91.1.Шүүхийн зохион байгуулалт, мэдээлэл зүйн болон аж ахуй, санхүү, архив, бичиг хэргийн ажил, аюулгүй байдал, техникийн үйлчилгээ зэргийг хариуцсан шүүхийн Тамгын газрын ажилтны чиг үүргийг Ерөнхий зөвлөл тогтооно.

91.2.Шүүхийн захиргааны ажилтан энэ хуульд заасан чиг үүргээс гадна хэрэг, маргаан хянан шийдвэрлэх холбогдох хуульд заасан тусгай эрх, үүрэг болон төрийн захиргааны албан хаагчийн хувьд төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

91.3.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

92 дугаар зүйл. Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй

92.1.Шүүхийн захиргааны ажилтан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг дүрэм, хэм хэмжээг мөрдөхөөс гадна ёс зүйн дараах ерөнхий шаардлагыг биелүүлж ажиллана:

92.1.1.шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны талаар тухайн хэргийн оролцогч, сонирхогч этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхгүй, аливаа хэлбэрээр бусдад зуучлахгүй байх;

92.1.2.шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар хувийн таамаглал, урьдчилсан дүгнэлтээ бусдад илэрхийлэхгүй байх;

92.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаа тогтоохгүй байх;

92.1.4.ажлын бус цагаар шүүхийн нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх;

92.1.5.шүүхэд хүндэтгэлтэй хандаж, ажлын байр, олон нийтийн дунд биеэ зөв авч явах.

93 дугаар зүйл. Шүүхийн захиргааны ажилтны сахилгын зөрчилд гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх

93.1.Шүүхийн захиргааны ажилтныг мэргэжил, сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн этгээд тухайн шүүхийн Тамгын газрын даргад гомдол гаргана.

93.2.Ёс зүйн шаардлагыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулна.

94 дугаар зүйл. Шүүхийн захиргааны ажилтны сургалт

94.1.Шүүхийн захиргааны ажилтан Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан мэргэжлийн сургалтад хамрагдана.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ САХИЛГЫН ХОРОО

95 дугаар зүйл. Сахилгын хороо

95.1.Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Сахилгын хороо ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна.

95.2.Сахилгын хороо орон тооны есөн гишүүнээс бүрдэнэ.

95.3.Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

95.4.Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. Сахилгын хорооны шүүгч бус гишүүн нь шүүгчээр ажиллаж байгаагүй иргэн байна.

/Үндсэн хуулийн цэцээс энэ хэсгийн “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

95.5.Нийт шүүгчийн чуулган энэ хуулийн 77.12, 77.13, 77.14, 77.15, 77.16, 77.17, 77.18-д заасан журмаар Сахилгын хорооны шүүгч гишүүнийг нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, олонхын саналаар сонгоно. Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.

/Үндсэн хуулийн цэцээс энэ хэсгийн “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно. ” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

95.6.Сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай дэгийг Нийт шүүгчийн чуулган батална.

95.7.Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг Байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батална.

/Үндсэн хуулийн цэцээс энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

95.8.Сахилгын хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан иргэн орохыг хориглоно.

95.9.Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно. Сахилгын хорооны гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн гишүүн сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно.

95.10.Сахилгын хорооны шүүгч бус гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, зэрэг дэв, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

95.11.Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. Сахилгын хорооны даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно.

95.12.Сахилгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, сахилгын хэргийг дангаар болон хамтын зарчмаар хянан хэлэлцэж, илээр санал хурааж, шийдвэрээ олонхын саналаар гаргана.

95.13.Сахилгын хорооны дарга, гишүүн хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шударга байх, төвийг сахих, хууль дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, гишүүний нэр хүндээ эрхэмлэх зарчмыг баримтална.

95.14.Сахилгын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байна.

95.15.Сахилгын хорооны гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

95.16.Сахилгын хорооны дарга, гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа этгээд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, заавар өгөх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.

95.17.Сахилгын хороо ажлын албатай байх бөгөөд үйл ажиллагааны дүрэм, бүтэц, орон тоо, албан тушаалын цалингийн хэмжээг тус Сахилгын хорооны зөвлөгөөн батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

95.18.Сахилгын хороо бие даасан төсөвтэй байх бөгөөд Сахилгын хороог чиг үүргээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана.

95.19.Сахилгын хороо хэвлэмэл хуудас, тамга, тэмдэгтэй байна.

95.20.Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд захирамж, тогтоол, магадлал хэлбэртэй байна.

95.21.Сахилгын хорооны төсвийг боловсруулж батлахад энэ хуулийн 46.8-д заасан журмыг баримтална.

96 дугаар зүйл. Сахилгын хорооны зөвлөгөөн

96.1.Сахилгын хорооны нийт гишүүнээс бүрдсэн Сахилгын хорооны зөвлөгөөн ажиллана.

96.2.Сахилгын хорооны зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

96.2.1.Сахилгын хорооны хөдөлмөрийн дотоод журмыг хуульд нийцүүлэн батлах;

96.2.2.гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн, Сахилгын хорооны хуралдаан болон хянан үзэх хуралдаан /цаашид "хуралдаан" гэх/ даргалагчийн дарааллыг тогтоох;

96.2.3.Сахилгын хорооны гишүүнийг мэргэшүүлэх сургалтыг төлөвлөх, зохион байгуулах;

96.2.4.Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо сонгох;

96.2.5.сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг энэ хуулийн 19.3, 19.4-д заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн баталж, нээлттэй байлгах;

96.2.6.сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай журмыг энэ хуульд нийцүүлэн батлах;

96.2.7.Сахилгын хорооны зөвлөгөөний дэгийг тогтоох;

96.2.8.Сахилгын хорооны гишүүнд гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх чөлөө олгох;

96.2.9.Сахилгын хорооны ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх;

96.2.10.энэ хуулийн 39.4, 49.8-д заасны дагуу хянан үзэж, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, энэ хуулийн 39.6-д заасны дагуу шүүгчийн бүрэн эрхийг сэргээх;

96.2.11.Сахилгын хорооны ажлын албаны ажилтны ёс зүйн дүрмийг батлах;

96.2.12.энэ хуулийн 83.8, 116.2-т заасан журам, энэ хуулийн 95.17-д заасан дүрмийг батлах;

96.2.13.Сахилгын хорооны ажлын албаны хагас, бүтэн жилийн ажлын тайланг сонсох;

96.2.14.энэ хуулийн 83.4-т заасны дагуу Ерөнхий зөвлөлийн гишүүнд сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх, сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдолд хараат бус шинжээч томилох;

96.2.15.энэ хуулийн 97.2.6-д заасан мэдээлэлтэй танилцах;

96.2.16.энэ хуульд заасан бусад.

96.3.Сахилгын хорооны зөвлөгөөн ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит зөвлөгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус зөвлөгөөнийг Сахилгын хорооны дарга, эсхүл гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулна.

96.4.Сахилгын хорооны гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 96.2-т заасан асуудлыг зөвлөгөөнд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

97 дугаар зүйл. Сахилгын хорооны дарга, гишүүний бүрэн эрх

97.1.Сахилгын хорооны гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана:

97.1.1.хуралдааныг даргалах;

97.1.2.хуралдааныг товлон зарлах, хуралдуулах, сахилгын хэргийн оролцогчийг тогтоох;

97.1.3.хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг ажлын албатай хамтран зохион байгуулах;

97.1.4.бүрэлдэхүүнтэйгээр сахилгын хэрэг, гомдол, эсэргүүцэл хянан шийдвэрлэхэд оролцох;

97.1.5.бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа сахилгын хэрэг, гомдол, эсэргүүцлийн талаар саналаа бие даан гаргах, тусгай саналтай бол бичгээр гаргаж, сахилгын хэрэгт хавсаргах;

97.1.6.сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хуралдааны дэг зөрчсөн сахилгын хэргийн оролцогч болон бусад этгээдэд хуульд заасан арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах;

97.1.7.Сахилгын хорооны даргад нэрээ дэвшүүлэх, хуульд зааснаар Сахилгын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх;

97.1.8.багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх;

97.1.9.энэ хуульд заасан бусад бүрэн эрх.

97.2.Сахилгын хорооны дарга энэ хуулийн 97.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал, захирамж гаргана:

97.2.1.Сахилгын хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

97.2.2.Сахилгын хорооны зөвлөгөөнийг товлон зарлах, бэлтгэлийг хангах, хуралдуулах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

97.2.3.энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуралдааны даргалагч болон бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;

97.2.4.сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдолд ажлын албаар дамжуулан хариу өгөх ажлыг зохион байгуулах;

97.2.5.Сахилгын хорооны гишүүнд энэ хуулийн 96.2.8-д зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Сахилгын хорооны зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгох;

97.2.6.өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр дүн, сахилгын хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Сахилгын хорооны зөвлөгөөнд мэдээлэл хийх;

97.2.7.төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн төсөл боловсруулж, хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

97.2.8.Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг нэгтгэж Сахилгын хорооны зөвлөгөөнд танилцуулах;

97.2.9.сахилгын хэргийн оролцогчоос гаргасан сахилгын хорооны гишүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэх;

97.2.10.энэ хуульд заасан бусад бүрэн эрх.

97.3.Сахилгын хорооны даргыг түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн даргыг сонгох хүртэл Сахилгын хорооны хамгийн ахмад настай гишүүн Сахилгын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

97.4.Сахилгын хорооны гишүүн энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Сахилгын хороонд ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэгтэй.

97.5.Сахилгын хороо энэ хуулийн 97.4-т заасны дагуу битүүмжлэн ирүүлсэн тэмдэглэлийг хадгалах бөгөөд Сахилгын хорооны гишүүний өөрийнх нь, эсхүл эрх бүхий байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдэд гарган өгнө.

98 дугаар зүйл. Сахилгын хорооны дарга, гишүүний үүрэг, хориглох зүйл

98.1.Сахилгын хорооны дарга, гишүүн дараах үүрэгтэй:

98.1.1.Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан чиг үүргээ хараат бусаар гүйцэтгэж, бусад гишүүний хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах;

98.1.2.албаны чиг үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэх;

98.1.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтанд тавих хориглолт, хязгаарлалтыг дагаж мөрдөх;

98.1.4.энэ хуульд заасан бусад үүрэг.

98.2.Сахилгын хорооны дарга, гишүүнд дараах зүйлийг хориглоно:

98.2.1.илтгэгч гишүүнээр томилогдсоноос бусад тохиолдолд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай харилцах, харилцах санаачилга гаргах, харилцахыг зөвшөөрөх;

98.2.2.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээллийг задруулах, албан үүрэгтэйгээ холбоогүй зорилгоор ашиглах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

98.2.3.өөрийн, гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөнөөс бусад тохиолдолд шүүхэд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдыг төлөөлөх;

98.2.4.сахилгын хэргийн оролцогч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс бэлэг, шан харамж, зээл, эд хөрөнгө, хандив, үйлчилгээ, бусад үнэ бүхий зүйл авах;

98.2.5.хараат бус, төвийг сахих байдалд харшлах улс төрийн үйл ажиллагаанд оролцох;

98.2.6.өөрийн, эсхүл бусдын ашиг сонирхлыг хангах зорилгоор албан тушаалын нэр хүндийг урвуулан ашиглах, зохисгүй байдал гаргах;

98.2.7.энэ хуулийн 50, 51.1, 52, 53, 82.2.1-д заасан хориглосон, хязгаарласан, үүрэгжүүлсэн зохицуулалтыг зөрчих;

98.2.8.энэ хуульд заасан бусад.

98.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Сахилгын хорооны дарга, гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй:

98.3.1.өргөдөл, мэдээллийг өөрөө, эсхүл түүний хамаарал бүхий этгээд гаргасан;

98.3.2.сахилгын хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл түүнтэй хувийн харилцаатай;

98.3.3.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон;

98.3.4.тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.

98.4.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад Сахилгын хорооны гишүүний өөрийн, эсхүл сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр нэгээс илүү гишүүнийг татгалзан гаргахыг хориглоно. Хуралдааны бүрэлдэхүүн хүрэлцэхээр байгаа бол энэ хуулийн 98.3-т заасан үндэслэлээр нэгээс илүү гишүүнийг татгалзан гарах асуудлыг шийдвэрлэж болно.

98.5.Сахилгын хорооны дарга, гишүүнийг дараах үндэслэлээр огцруулна:

98.5.1.албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон;

98.5.2.албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн нууцыг задруулсан;

98.5.3.гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

98.5.4.энэ хуулийн 98.1, 98.2, 98.3-т заасныг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн.

98.6.Сахилгын хэрэгт шалгагдаж байгаа Сахилгын хорооны дарга, гишүүн энэ хуулийн 102.1.1, 102.1.2-т заасан эрх эдэлж, энэ хуулийн 102.2-т заасан үүргийг биелүүлнэ.

98.7.Сахилгын хорооны гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, эсхүл санал өгсөн шийдвэрийн агуулгад үндэслэн огцруулах, бусад сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.

99 дугаар зүйл. Сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх, огцруулах, сахилгын бусад шийтгэл оногдуулах

99.1.Сахилгын хорооны дарга, гишүүнийг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

99.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

99.1.2.өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

99.1.3.өөрөө хүсэлт гаргасан.

99.2.Энэ хуулийн 98.5-д заасан зөрчил гарсан тухай өргөдөл, мэдээллийг Ерөнхий зөвлөлд гаргана.

99.3.Ерөнхий зөвлөл Сахилгын хорооны гишүүний талаарх өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд сахилгын хэрэг үүсгэсэн бол тухайн өргөдөл, мэдээллийн үндэслэлийг шалгах шинжээч томилно.

99.4.Шинжээч томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор өргөдөл, мэдээлэлд дурдсан зөрчлийн талаарх баримт, мэдээллийг цуглуулж, хууль зүйн дүгнэлт гаргах бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

99.5.Шинжээч энэ хуулийн 98.5-д заасан зөрчил гарсан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол Ерөнхий зөвлөл уг дүгнэлтийг эрх бүхий этгээдэд даруй хүргүүлж, Сахилгын хорооны гишүүнийг огцруулах эсэх асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ:

99.5.1.Сахилгын хорооны шүүгч гишүүнийг огцруулах асуудлыг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж, Нийт шүүгчийн чуулганд оролцогчдын олонхын саналаар нууц санал хураалтаар шийдвэрлэх;

99.5.2.Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх.

99.6.Сахилгын хорооны дарга, гишүүн энэ хуулийн 98.1, 98.2, 98.3-т заасныг зөрчсөн үйлдэлд огцруулах шийтгэл оногдуулахааргүй бол зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохируулан зөрчилд хаалттай, эсхүл нээлттэй сануулах шийтгэлийг Сахилгын хороо оногдуулах бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд шалгагдаж байгаа гишүүнийг оролцуулахгүй. Зөрчлийн талаарх өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, хянан шийдвэрлэх журмыг хараат бус, бодитой байх зарчимд нийцүүлэн Ерөнхий зөвлөл батална.

100 дугаар зүйл. Сахилгын хорооны ажлын алба

100.1.Сахилгын хорооны ажлын албаны дарга хууль зүйн дээд боловсролтой, Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

100.2.Ажлын алба Сахилгын хорооны дарга, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

100.3.Ажлын албаны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

100.3.1.ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;

100.3.2.ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлөх;

100.3.3.төсвийг захиран зарцуулах;

100.3.4.ажлын тайланг Сахилгын хороонд тайлагнах;

100.3.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

100.4.Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

100.4.1.Сахилгын хороонд харьяалагдах өргөдөл, мэдээлэл, гомдлыг хүлээн авч бүртгэх;

100.4.2.өргөдөл, мэдээлэл гаргагчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөх;

100.4.3.Сахилгын хорооны болон ажлын албаны дарга, гишүүний өгсөн үүрэг, даалгаврыг зохих журмын дагуу шуурхай гүйцэтгэх;

100.4.4.захирамж, нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, магадлал, тогтоол бэлтгэхэд Сахилгын хорооны гишүүнд туслах;

100.4.5.Сахилгын хорооны гишүүнийг шаардлагатай хууль тогтоомж, мэдээллээр хангах;

100.4.6.Сахилгын хорооны дарга, гишүүнд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;

100.4.7.хуралдааны бэлтгэлийг зохион байгуулах, шийдвэрийг албажуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

100.4.8.энэ хуульд заасны дагуу захирамж, тогтоол, магадлал, албан бичиг, бусад баримт бичгийг холбогдох этгээдэд хүргэх;

100.4.9.Сахилгын хорооноос гаргасан шийдвэрийн талаар бүртгэл хөтөлж, тайлан гаргах;

100.4.10.сахилгын хэрэг, Сахилгын хорооны шийдвэр, албан бичиг, бусад баримт бичгийг хадгалах, хамгаалах, зохих журмын дагуу архивлах;

100.4.11.энэ хуульд заасан бусад чиг үүрэг.

100.5.Ажлын албаны дарга, ажилтан ёс зүйн дүрмийг мөрдөхөөс гадна энэ хуулийн 98.1, 98.2, 98.3-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.

100.6.Энэ хуулийн 100.5-д заасан үүргээ ажлын албаны ажилтан зөрчсөн тухай өргөдөл, мэдээллийг ажлын албаны даргад, ажлын албаны дарга зөрчсөн тухай өргөдөл, мэдээллийг Сахилгын хорооны зөвлөгөөнд гаргана.

100.7.Энэ хуулийн 100.5-д заасныг зөрчсөн ажлын албаны дарга, ажилтанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулна.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ САХИЛГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

101 дугаар зүйл. Шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл

101.1.Сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хуулийн 55.1-д заасан сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээлэл /цаашид "өргөдөл, мэдээлэл" гэх/-ийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ.

101.2.Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно.

101.3.Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.

101.4.Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

101.5.Сахилгын зөрчилд холбогдох шүүгч /цаашид "холбогдох шүүгч" гэх/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ.

101.6.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

102 дугаар зүйл. Сахилгын хэргийн оролцогчийн эрх, үүрэг

102.1.Сахилгын хэргийн оролцогч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах эрхтэй:

102.1.1.өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

102.1.2.хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, тайлбар гаргах, хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг нэг удаа бичгээр болон цахимаар гаргах;

102.1.3.Сахилгын хорооны гишүүн, хуралдааны бүрэлдэхүүнийг энэ хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах;

102.1.4.Сахилгын хорооны гишүүний гаргасан захирамж, Сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрвөл энэ хуульд заасны дагуу гомдол гаргах.

102.2.Сахилгын хэргийн оролцогч болон бусад этгээд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах үүрэгтэй:

102.2.1.сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хуралдааны дэгийг сахих;

102.2.2.дуудсанаар хүрэлцэн ирэх;

102.2.3.шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх.

102.3.Сахилгын хэргийн оролцогч болон бусад этгээд хуралдааны явцад дууны, дуу-дүрсний бичлэг хийх, утсаар ярихыг хориглоно. Энэ хуульд заасны дагуу хуралдааны тэмдэглэл хөтлөх зорилгоор дууны, дуу-дүрсний бичлэг хийхэд энэ хориглолт хамаарахгүй.

102.4.Согтуурсан, мансуурсан этгээдийг хуралдаанд оруулахыг хориглоно.

102.5.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хуралдааны дэг зөрчсөн этгээдэд хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг хуралдаан даргалагч хуралдааны танхимаас гаргаж, энэ тухай хуралдааны тэмдэглэлд бичиж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

103 дугаар зүйл. Өргөдөл, мэдээлэл гаргах, хүлээн авах, хуваарилах

103.1.Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана. Өргөдөл, мэдээллийг амаар, эсхүл бичгээр болон цахимаар гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

103.2.Өргөдөл, мэдээллийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана.

103.3.Сахилгын хороо өргөдөл, мэдээллийг хүлээн авч, хавсаргасан баримт, хуудасны тоог бүртгэх дэвтэрт бичиж, гарын үсэг зуруулан, баримт үйлдэх ба хуудасны тоо, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн баталгаажуулна.

103.4.Өргөдөл, мэдээллийг хүлээн авсан даруй энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар Сахилгын хорооны гишүүн /цаашид "илтгэгч гишүүн" гэх/-нд хуваарилна.

104 дугаар зүйл. Сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах, гомдол хянан шийдвэрлэх

104.1.Илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана:

104.1.1.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол;

104.1.2.өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа;

104.1.3.өргөдөл, мэдээлэл гаргасан этгээд тодорхойгүй.

104.2.Илтгэгч гишүүн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай захирамж гаргана.

104.3.Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг гаргаснаас хойш даруй өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлнэ. Уг захирамжийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор өргөдөл, мэдээлэл гаргагч Сахилгын хороонд гомдол гаргаж болно. Энэ хугацааны дотор гомдол гаргаагүй бол захирамж хүчин төгөлдөр болно.

104.4.Илтгэгч гишүүний сахилгын хэрэг үүсгэх тухай болон Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаас бусад захирамжид гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар томилогдсон хоёр гишүүний бүрэлдэхүүн /цаашид "гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн" гэх/-тэйгээр хэлэлцэж шийдвэрлэнэ. Уг бүрэлдэхүүнд илтгэгч гишүүн орохыг хориглоно.

104.5.Илтгэгч гишүүн нь шүүгч гишүүн бол гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүний хоёр нь шүүгч бус гишүүн байна. Илтгэгч гишүүн нь шүүгч бус бол гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүний нэг нь шүүгч, нөгөө нь шүүгч бус гишүүн байна.

104.6.Сахилгын хорооны гишүүнд гаргасан татгалзал, эсхүл бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 104.5-д заасан шаардлага хангагдахгүй болсон бол энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар Сахилгын хорооны бусад гишүүнийг гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүнд оруулж болох бөгөөд илтгэгч гишүүнийг оруулахыг хориглоно.

104.7.Гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн дараах тогтоолын аль нэгийг гаргана:

104.7.1.захирамжийг хэвээр үлдээх, эсхүл захирамжийн үндэслэлийг өөрчлөн захирамжийг хэвээр үлдээх;

104.7.2.сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх.

104.8.Энэ хуулийн 104.7-д заасан тогтоолыг гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүний хоёр гишүүн санал нэгтэйгээр гаргана. Санал нэгдээгүй бол захирамжийг хэвээр үлдээнэ.

104.9.Энэ хуулийн 104.7-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр байна.

105 дугаар зүйл. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

105.1.Сахилгын хэргийг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор, сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцааснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ хугацааг шаардлагатай тохиолдолд 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

105.2.Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа дараах шалгах ажиллагааг явуулна:

105.2.1.сахилгын хэрэг үүсгэсэн захирамж, тогтоол гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор уг захирамж, тогтоолыг өргөдөл, мэдээллийн хуулбарын хамт холбогдох шүүгчид гардуулж, эсхүл энэ хуулийн 112.6, 112.7-д заасан журмаар хүргүүлж, энэ тухай баримтжуулах;

105.2.2.сахилгын хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулах;

105.2.3.сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах;

105.2.4.сахилгын хэргийн оролцогчийг дуудан ирүүлэх;

105.2.5.сахилгын хэрэг хянан шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах;

105.2.6.шаардлагатай тохиолдолд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хугацааг энэ хуульд заасны дагуу сунгах;

105.2.7.шаардлагатай тохиолдолд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасны дагуу түдгэлзүүлэх, сэргээх;

105.2.8.энэ хуульд заасан бусад ажиллагаа.

105.3.Холбогдох шүүгч энэ хуулийн 104.2, 104.7-д заасан сахилгын хэрэг үүсгэсэн тухай захирамж, тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор өргөдөл, мэдээллийн талаар бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр хариу тайлбар, нотлох баримт, нотлох баримт гаргах хүсэлт гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

105.4.Нэг шүүгчид холбогдуулан гаргасан хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, эсхүл хэд хэдэн шүүгчид холбогдуулан гаргасан нэг агуулга бүхий өргөдөл, мэдээлэлтэй хэд хэдэн сахилгын хэргийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэж болно. Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн өргөдөл, мэдээлэл гаргасан болон хэд хэдэн шүүгчид холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно.

105.5.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шаардсан нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээд илтгэгч гишүүнд гаргаж өгөх үүрэгтэй.

105.6.Илтгэгч гишүүн дараах үндэслэлээр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг захирамж гарган түдгэлзүүлнэ:

105.6.1.сахилгын хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа бөгөөд төлөөлөгч томилох боломжгүй;

105.6.2.сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн;

105.6.3.энэ хуулийн 106.7-д заасан ажиллагаа явуулж байгаа;

105.6.4.холбогдох шүүгчид үүсгэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө сахилгын хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;

105.6.5.энэ хуулийн 108.1-д заасан ажиллагаа явуулж байгаа.

105.7.Энэ хуулийн 105.6-д зааснаас бусад үндэслэлээр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.

105.8.Сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байна.

105.9.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийн 104.1, 104.2, 105.11-д зааснаас бусад асуудлаар гаргасан захирамжийг Сахилгын хорооны гишүүн ажлын гурван өдрийн дотор гаргаж, сахилгын хэргийн оролцогчид даруй хүргүүлэх бөгөөд сахилгын хэргийн оролцогч уг захирамжийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор Сахилгын хороонд гомдол гаргах эрхтэй. Уг захирамж илт үндэслэлгүй бол түүнийг гаргасан Сахилгын хорооны гишүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.

105.10.Сахилгын хэргийн оролцогч, эсхүл өргөдөл, мэдээлэл гаргагч энэ хуульд заасны дагуу илтгэгч гишүүний захирамжид гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт илтгэгч гишүүнд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг илтгэгч гишүүн хүсэлтэд хавсаргасан баримтыг үндэслэн шийдвэрлэж, захирамж гаргана.

105.11.Сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж, тогтоол гаргаснаас хойш илтгэгч гишүүн 30 хоногийн дотор дараах дүгнэлт, саналын аль нэгийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана:

105.11.1.сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт;

105.11.2.сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал.

105.12.Илтгэгч гишүүн энэ хуулийн 105.11-д заасан хугацааг зайлшгүй шаардлагатай тохиолдолд 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

105.13.Энэ хуулийн 105.6-д заасан түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол илтгэгч гишүүн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.

106 дугаар зүйл. Нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа

106.1.Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

106.2.Сахилгын хороо сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд холбогдох этгээд гаргаж өгөх үүрэгтэй.

106.3.Холбогдох шүүгч хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, эсхүл мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.

106.4.Сахилгын хэргийн оролцогч өргөдөл, мэдээлэлтэй холбоотой нотлох баримттай хуралдаан товлохоос өмнө танилцах эрхтэй.

106.5.Сахилгын хэргийн оролцогч, өргөдөл, мэдээлэл гаргагч, илтгэгч гишүүн хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно. Энэ хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

106.6.Сахилгын хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй.

106.7.Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл Сахилгын хорооны санаачилгаар эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно.

106.8.Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ.

106.9.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

106.10.Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй.

106.11.Сахилгын хэргийн оролцогчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна.

106.12.Энэ хуулийн 106.11-д заасан этгээд өөрийн тайлбарт холбогдох өөрт байгаа болон гаргах боломжтой нотлох баримтыг өгнө.

106.13.Гэрчээр дуудагдсан этгээд Сахилгын хороонд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.

106.14.Гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна.

106.15.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

106.16.Дараах хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй:

106.16.1.албан үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч;

106.16.2.иргэний эрх зүйн чадамжгүй этгээд.

107 дугаар зүйл. Бичмэл нотлох баримт

107.1.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ.

107.2.Бичмэл нотлох баримтыг Сахилгын хороонд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Сахилгын хороо шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй.

107.3.Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулах, эсхүл хуульд заасны дагуу цахим хэлбэрээр өгч болно.

108 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт

108.1.Тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд илтгэгч гишүүн өөрийн санаачилгаар, эсхүл сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж болно.

108.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

109 дугаар зүйл. Тэмдэглэл

109.1.Сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх тохиолдолд хуралдааны тэмдэглэл үйлдэнэ.

109.2.Хуралдааны тэмдэглэлийг ажлын алба хөтөлж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа гишүүн албажуулна.

109.3.Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, эхэлсэн, дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хүн нэг бүрийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ.

109.4.Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон болон байлцсан хүнд танилцуулах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тайлбарлана.

110 дугаар зүйл. Сахилгын хорооны хуралдаанд бэлтгэх ажиллагаа

110.1.Илтгэгч гишүүн нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 111.1-д заасан хуралдааныг товлон зарлаж, хуралдуулна.

110.2.Хуралдаан болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг сахилгын хэргийн оролцогчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, цахимаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

110.3.Ажлын алба Сахилгын хорооны хуралдааны товыг бүрэлдэхүүний гишүүдэд мэдэгдэж, хуралдаан болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 105.11-д заасан захирамжийг холбогдох баримтын хамт хүргүүлнэ.

110.4.Сахилгын хэргийн оролцогчид Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг мэдэгдэж, энэ тухай баримт үйлдэж, сахилгын хэрэгт хавсаргана. Сахилгын хэргийн оролцогч Сахилгын хорооны хуралдааны товыг лавлах үүрэгтэй.

110.5.Сахилгын хорооны хуралдаанд сахилгын хэргийн оролцогч оролцож болно. Сахилгын хэргийн оролцогч хуралдаан болохоос өмнө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлтээ бичгээр болон цахимаар ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулж болох бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх хугацаа сахилгын хэрэг үүсгэснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй байна.

110.6.Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг өргөдөл, мэдээлэл гаргагчид мэдэгдэж, энэ тухай баримт үйлдэж, сахилгын хэрэгт хавсаргана. Өргөдөл, мэдээлэл гаргагч нь гэрчээр дуудагдсанаас бусад тохиолдолд хуралдаанд ажиглагчаар оролцож болно.

110.7.Бүрэлдэхүүнд орсон гишүүнийг энэ хуулийн 98.3-т заасан үндэслэлээр татгалзан гаргах тухай сахилгын хэргийн оролцогчоос хүсэлт гаргавал тухайн гишүүнийг байлцуулахгүйгээр бүрэлдэхүүн уг асуудлыг шийдвэрлэнэ. Бүрэлдэхүүний санал тэнцсэн тохиолдолд тухайн гишүүнийг татгалзан гаргаж, хуралдааныг хойшлуулах тухай тогтоол гаргана.

111 дугаар зүйл. Сахилгын хорооны хуралдаан

111.1.Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүнд энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар томилогдсон гурван гишүүн орно.

111.2.Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүний хоёр нь шүүгч бус гишүүн, нэг нь шүүгч гишүүн байх бөгөөд илтгэгч гишүүн орохыг хориглоно.

111.3.Сахилгын хорооны хуралдааныг энэ хуулийн 96.2.2-т заасан дарааллын дагуу бүрэлдэхүүний аль нэг гишүүн даргална.

111.4.Сахилгын хорооны хуралдааныг доор дурдсан дарааллаар явуулна:

111.4.1.даргалагч хуралдааныг нээж, хянан шийдвэрлэх гэж байгаа сахилгын хэргийн талаар танилцуулах;

111.4.2.хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй оролцогчид хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг хуралдаан даргалагчид танилцуулах;

111.4.3.даргалагч сахилгын хэргийн оролцогчийг танилцуулж, төлөөлөх бүрэн эрхийг шалгаж, эрх, үүргийг тайлбарлах;

111.4.4.даргалагч бүрэлдэхүүнийг танилцуулан, татгалзан гаргах эрхийг сахилгын хэргийн оролцогчид тайлбарлан өгөх;

111.4.5.сахилгын хэргийн оролцогчийн зүгээс шинээр нотлох баримт гаргаж өгөх эсэхийг асуух;

111.4.6.сахилгын хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх;

111.4.7.илтгэгч гишүүн гомдол, хүсэлт, сахилгын зөрчил гарсныг нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг танилцуулах;

111.4.8.сахилгын хэргийн оролцогчийн тайлбарыг сонсох;

111.4.9.гэрчийн мэдүүлэг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах;

111.4.10.хуралдаанд оролцогч болон илтгэгч гишүүнээс асуулт асууж, хариулт авах;

111.4.11.сахилгын хэргийн оролцогч болон илтгэгч гишүүнээс нэмэлт тайлбарыг сонссоны дараа хуралдаан завсарлаж, бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох.

111.5.Зөвлөлдөх үед гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ. Сахилгын хорооны гишүүн санал өгөхөөс татгалзах, түдгэлзэх эрхгүй бөгөөд цагаан толгойн үсгийн дарааллаар саналаа хэлнэ. Зөвлөлдөх тасалгаанд гаргасан гишүүний санал нууц байна.

111.6.Сахилгын хорооны хуралдааныг нээлттэй явуулна. Хэргийн нотлох баримт, үйл явдал нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах бол сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл гишүүний санаачилгаар хуралдааныг бүрэн, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

111.7.Сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлийг ажлын албаны ажилтан хөтөлж, хуралдаан даргалагч болон ажилтан ажлын долоон өдрийн дотор тэмдэглэлд гарын үсэг зурж, албажуулна.

111.8.Сахилгын хорооны гишүүнд гаргасан татгалзал, эсхүл бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 111.2-т заасан шаардлага хангагдахгүй болсон бол энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүнд нэгээс илүүгүй гишүүнийг оруулж болох бөгөөд илтгэгч гишүүнийг оруулахыг хориглоно.

112 дугаар зүйл. Сахилгын хорооны хуралдааны шийдвэр

112.1.Сахилгын хорооны хуралдаанаар сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

112.1.1.нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;

112.1.2.сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;

112.1.3.нотлох дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн авч, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах;

112.1.4.шүүгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;

112.1.5.сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, эсхүл нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах.

112.2.Сахилгын хорооны хуралдаан энэ хуулийн 112.1.1, 112.1.2, 112.1.3-т заасны дагуу сахилгын хэргийг шийдвэрлэж, магадлал гаргана.

112.3.Сахилгын хорооны хуралдаан энэ хуулийн 112.1.4, 112.1.5-д заасан болон хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлаар тогтоол гаргах бөгөөд тогтоол нь эцсийн шийдвэр байна.

112.4.Тогтоол, магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд даргалагч, гишүүд гарын үсэг зурж, тамга дарж албажуулна. Бүрэлдэхүүнд орсон гишүүд тогтоол, магадлалд гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

112.5.Сахилгын хорооны хуралдаанаас гаргах тогтоол, магадлал дараах агуулга бүхий удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна:

112.5.1.удиртгал хэсэгт тогтоол, магадлалыг хэзээ, хаана гаргасан, бүрэлдэхүүнд орсон гишүүнийг нэрлэн заах;

112.5.2.тодорхойлох хэсэгт нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, түүний үндэслэл болон сахилгын хэргийн оролцогчийн тайлбарын агуулгыг тусгах;

112.5.3.үндэслэх хэсэгт нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналын талаар хууль зүйн үндэслэл, нотлогдсон байдлын талаар заах;

112.5.4.тогтоох хэсэгт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд үндэслэсэн хуулийн холбогдох заалт, шийтгэлийн төрөл, нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хэрхэн шийдвэрлэсэн болон гомдол гаргах талаар тодорхой тусгах.

112.6.Сахилгын хорооны тогтоол, магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлнэ.

112.7.Энэ хуулийн 112.6-д заасны дагуу хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болно.

112.8.Энэ хуулийн 112.7-д заасны дагуу Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Сахилгын хороонд гаргаж болно. Гомдол, эсэргүүцлийг бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

112.9.Сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн энэ хуулийн 112.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт магадлал гаргасан бүрэлдэхүүнд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг уг бүрэлдэхүүн тухайн хүсэлтэд хавсаргасан баримтыг үндэслэн шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоол нь эцсийн шийдвэр байна.

112.10.Энэ хуулийн 112.5.4-т заасан тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна.

113 дугаар зүйл. Сахилгын хорооны хянан үзэх хуралдаан

113.1.Энэ хуулийн 112.8-д заасан гомдол, эсэргүүцлийг бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, дараах зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

113.1.1.сахилгын хэргийн оролцогчийн, эсхүл илтгэгч гишүүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;

113.1.2.магадлалын он, сар, өдөр, дугаар;

113.1.3.магадлалыг эс зөвшөөрсөн үндэслэл;

113.1.4.гомдол, эсэргүүцлийн шаардлага.

113.2.Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар томилогдсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх бөгөөд уг бүрэлдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

113.2.1.бүрэлдэхүүний хоёр нь шүүгч гишүүн, нэг нь шүүгч бус гишүүн байх;

113.2.2.Сахилгын хорооны тухайн магадлал гаргасан бүрэлдэхүүнийг оролцуулахгүй;

113.2.3.илтгэгч гишүүнийг оролцуулахгүй.

113.3.Сахилгын хорооны гишүүнд гаргасан татгалзал, эсхүл бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 113.2.1, 113.2.2-т заасан шаардлага хангагдахгүй болсон бол Сахилгын хорооны бусад гишүүнээс энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүнд оруулж болох бөгөөд илтгэгч гишүүнийг оруулахыг хориглоно.

113.4.Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийн үндэслэлд Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.

113.5.Энэ хуулийн 96.2.2-т заасан дарааллын дагуу томилогдсон хуралдаан даргалагч Сахилгын хорооны магадлалд гомдол, эсэргүүцэл гарсан талаар илтгэгч гишүүн, сахилгын хэргийн оролцогчид мэдэгдэж, танилцах боломжоор хангана.

113.6.Сахилгын хэргийн оролцогч гомдлоосоо татгалзсан бол гомдол гаргаагүйд тооцно.

113.7.Илтгэгч гишүүн эсэргүүцлээсээ татгалзах эрхгүй.

113.8.Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар шийдвэрлэж, дараах агуулга бүхий хяналтын тогтоолыг бүрэлдэхүүний гишүүдийн олонхын саналаар гаргана:

113.8.1.гомдол, эсэргүүцлийг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх;

113.8.2.гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах;

113.8.3.гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд, эсхүл дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах;

113.8.4.гомдол, эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, магадлалын зарим хэсгийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд, эсхүл дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах.

113.9.Хянан үзэх хуралдааны товыг мэдэгдэж, хуралдаанд оролцох эрхийг хангана. Хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдаанд ирээгүй нь гомдлыг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

113.10.Хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцэл, магадлалын агуулгыг танилцуулсны дараа сахилгын хэргийн оролцогчийн болон илтгэгч гишүүний тайлбарыг сонсоно.

113.11.Бүрэлдэхүүн сахилгын хэргийн оролцогчийн болон илтгэгч гишүүний тайлбарыг сонссоны дараа асуулт тавих, нэмэлт тайлбарыг сонсож, хуралдаан завсарлан зөвлөлдөх тасалгаанд орж, хяналтын тогтоол гаргана.

113.12.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд энэ хуулийн 114.1-д заасны дагуу гомдол гаргаснаас бусад тохиолдолд эцсийн шийдвэр байна.

113.13.Хяналтын тогтоолд магадлал, гомдол, эсэргүүцлийн агуулга, тогтоолын үндэслэл, гаргасан шийдвэрийг бичнэ.

113.14.Хяналтын тогтоолыг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид энэ хуулийн 112.6, 112.7-д заасан журмаар хүргүүлнэ.

113.15.Энэ хуулийн 110 дугаар зүйл, 111.3, 111.4, 111.5, 111.6, 111.7, 112.4, 112.5-д заасан журам хянан үзэх хуралдаанд нэгэн адил хамаарна.

114 дугаар зүйл. Хяналтын тогтоолд гомдол гаргах

114.1.Хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болно.

114.2.Сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцлийг бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, дараах зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

114.2.1.холбогдох шүүгч болон илтгэгч гишүүний нэр, албан тушаал, оршин суугаа газрын хаяг, утас, цахим шуудангийн хаяг;

114.2.2.Сахилгын хорооны хяналтын тогтоолын он, сар, өдөр, дугаар;

114.2.3.Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл.

114.3.Энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцэлд дараах баримт бичгийг хавсаргана:

114.3.1.хяналтын тогтоолын эх хувь, эсхүл түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

114.3.2.хяналтын тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлийг нотлох баримт;

114.3.3.итгэмжлэл.

114.4.Хяналтын тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан үзэх хуралдааны даргалагч гишүүн хүлээн авч, сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүнд танилцуулан тайлбар гаргуулан сахилгын хэрэгт хавсаргана.

114.5.Энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

114.6.Хянан үзэх хуралдааны даргалагч гишүүн энэ хуулийн 114.1, 114.2, 114.3-т заасан шаардлагад нийцээгүй гомдол, эсэргүүцлийг буцаах тухай захирамж гаргаж, энэ талаар хариу мэдэгдэнэ.

115 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан

115.1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг зөвхөн дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

115.1.1.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг энэ хуулийн 110.3, 110.4, 110.6-д заасны дагуу мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон;

115.1.2.энэ хуулийн 102.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон.

115.2.Хяналтын тогтоолд сахилгын хэргийн оролцогчоос гомдол, илтгэгч гишүүнээс эсэргүүцэл гаргасан тохиолдолд тухайн тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

115.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

115.4.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцлийг танхим харгалзахгүйгээр таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

115.5.Энэ хуулийн 115.4-т заасан бүрэлдэхүүнийг энэ хуулийн 19.2.5-д заасан журмын дагуу томилох бөгөөд тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс тогтоосон дарааллаар томилсон шүүгч даргална.

115.6.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны товыг хэргийн оролцогч, илтгэгч гишүүнд долоогоос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, баримтыг сахилгын хэрэгт хавсаргана. Уг мэдэгдлийг хүлээн авсан этгээд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

115.7.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан энэ хуулийн 115.1-д заасан үндэслэл байгаа эсэхийг гомдол, эсэргүүцлийн шаардлага болон татгалзлыг хянан үзэх замаар тогтооно.

115.8.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

115.8.1.хяналтын тогтоолыг хэвээр үлдээх;

115.8.2.хяналтын тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох;

115.8.3.сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаан, эсхүл хянан үзэх хуралдаанд буцаах.

115.9.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

115.10.Энэ хуулийн 115.9-д заасан тогтоолд дараах зүйлийг тусгана:

115.10.1.маргаж байгаа хяналтын тогтоолын тухай мэдээлэл, түүнийг гаргасан газар;

115.10.2.хяналтын тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол, эсэргүүцлийн агуулга;

115.10.3.шүүхээс гаргаж байгаа шийдвэрийн үндэслэл;

115.10.4.хяналтын тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгосон, эсхүл энэ хуулийн 115.8.3-т заасны дагуу буцаасан тухай заалт.

115.11.Энэ хуулийн 115.9-д заасны дагуу гарсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоол гармагц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд эцсийн шийдвэр байна.

116 дугаар зүйл. Шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл, тайлан болон шийдвэрийн ил тод байдал

116.1.Ажлын алба шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл хөтөлж, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг гаргана.

116.2.Энэ хуулийн 116.1-д заасан бүртгэл, тайланд хамаарах мэдээлэл хөтлөх журамтай байх бөгөөд тайланг цахим хуудаст байршуулна.

116.3.Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ.

116.4.Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 21 хоногийн дотор цахим хуудаст байршуулна.

117 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

117.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

117.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

118 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

118.1.Энэ хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.