4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хүний эрх хамгаалагч" гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг;

4.1.2."хүний эрх хамгаалах үйл ажиллагаа" гэж хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг;

4.1.3."хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах" гэж төр, хүн, хуулийн этгээд, тодорхой ашиг сонирхлоор нэгдсэн аливаа этгээдийн зүгээс хүний эрх хамгаалагчийн эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн төрийн байгууллагын үүргийг;

4.1.4."хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх" гэж төрийн байгууллага хүн, хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн хууль ёсны үйлдлийг таслан зогсоохгүй, саад учруулахгүй, эсхүл эрх, эрх чөлөөнд нь хууль бусаар халдахгүй байх үүргийг;

4.1.5."хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчих" гэж хүний эрх хамгаалах үйл ажиллагаатай нь холбогдуулан хүний эрх хамгаалагчид болон түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчийг аливаа хэлбэрээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах, ялгаварлан гадуурхах, үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг уриалах, албадах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, мөрдөж мөшгих, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь гэм хор учруулах үйлдэл, эс үйлдэхүйг;

4.1.6."эрсдэлийн үнэлгээ" гэж хүний эрх хамгаалагчид болон түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчид учирч байгаа аюул, эрсдэлийн түвшнийг тодорхойлсон дүгнэлтийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.