17 дугаар зүйл. Хоршооны гишүүний эрх, үүрэг
17.1.Хоршооны гишүүн дараах эрх эдэлнэ:
17.1.1.оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамааран саналын нэг эрхтэй байх;
17.1.2.бүх гишүүдийн хуралд оролцож, асуулт асуух, санал гаргах;
17.1.3.хоршооны үйл ажиллагаанд оролцож, Тэргүүлэгч болон Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох, гүйцэтгэх удирдлагын албан тушаалд өрсөлдөх, томилогдох;
17.1.4.бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах санал гаргах;
17.1.5.энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршоогоор үйлчлүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ хоршоогоор зуучлуулан борлуулах;
17.1.6.хоршооны санхүү, төлбөрийн чадвар, үйл ажиллагаа, менежментийн талаар шаардлагатай мэдээллийг авах, хоршооны гишүүдэд мэдээллийг ил тод, нээлттэй байлгахыг шаардах;
17.1.7.хоршооны үйл ажиллагаан дахь оролцоогоо энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу үнэлүүлэх;
17.1.8.энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хуваарилах орлогоос хоршооны гишүүнд ногдох орлого хүртэх;
17.1.9.хоршооны үйл ажиллагааны болон санхүүгийн жилийн тайланг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхээс өмнө Хяналтын зөвлөлийн дүгнэлттэй танилцах;
17.1.10.бүх гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцах;
17.1.11.энэ хууль болон хоршооны дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хоршооны удирдлагаас шаардах;
17.1.12.өөрийн хүсэлтээр хоршооноос гарах, хоршоонд дахин элсэх;
17.1.13.хоршоо татан буугдсаны дараа үлдэх эд хөрөнгө, тэдгээрийг борлуулсны орлогоос энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу оногдох хувь хүртэх;
17.1.14.энэ хууль болон хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршооны гишүүн байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх;
17.1.15.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан бусад эрх.
17.2.Хоршооны гишүүн дараах үүрэг хүлээнэ:
17.2.1.хоршооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хоршооноос бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ авах, хоршоогоор зуучлуулах;
17.2.2.энэ хууль болон хоршооны дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх;
17.2.3.хоршоо болон бусад гишүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
17.2.4.ижил төрлийн ажил, үйлчилгээ явуулдаг, өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч болсон тохиолдолд энэ тухай хоршоонд нэн даруй мэдэгдэх;
17.2.5.бүх гишүүдийн хуралд оролцох;
17.2.6.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан бусад үүрэг.