18 дугаар зүйл. Хоршооны гишүүний бүрэн эрх дуусгавар болох
18.1.Хоршооны гишүүн хоршооноос гарсан, эсхүл түүнийг хоршооны гишүүнээс хассан тохиолдолд түүний бүрэн эрх дуусгавар болно.
18.2.Хоршооны гишүүн дараах тохиолдолд хоршооноос гарна:
18.2.1.хоршооноос гарах хүсэлт гаргасан;
18.2.2.хоршооны оршин байгаа газраас өөр нутаг дэвсгэрт шилжсэнээр хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон;
18.2.3.хоршоонд оруулсан хувь хөрөнгөө бүхэлд нь бусдад шилжүүлсэн;
18.2.4.нас барсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл нас барсан гэж зарлагдсан;
18.2.5.сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
18.3.Хоршооны гишүүн хоршооноос гарах хүсэлтээ хоршооны даргад санхүүгийн жил дуусахаас гурваас доошгүй сарын өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны хуулиар нэмэлт оруулсан./
18.4.Хоршооны гишүүнээс дараах үндэслэлээр хасаж болно:
18.4.1.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд хоршооны гишүүнээс хасах тухай Тэргүүлэгчдээс сануулга авсны дараа уг зөрчлийг дахин гаргасан;
18.4.2.тухайн хоршоотой өрсөлдөх хоршоог байгуулсан, эсхүл өрсөлдөгч хоршоонд хувь хөрөнгө оруулсан;
18.4.3.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа бүх гишүүдийн хуралд оролцоогүй;
18.4.4.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан бусад үндэслэл.
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд Тэргүүлэгчид энэ тухай хоршооны гишүүнд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр урьдчилан мэдэгдэж, тайлбар хийх боломж олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны хуулиар нэмэлт оруулсан./
18.6.Хоршооны гишүүн түүнийг хоршооны гишүүнээс хасах үндэслэлийг эс зөвшөөрвөл мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор бүх гишүүдийн хурал хуралдуулах, түүнд тайлбар хийх нөхцөл бүрдүүлэхийг шаардах эрхтэй.
18.7.Хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооны гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
18.8.Хоршооны гишүүнээс хасах тухай шийдвэрт тухайн шийдвэрийн үндэслэл, шалтгааныг тодорхой тусгана.
18.9.Хоршооноос гарсан, эсхүл хассан тухай шийдвэр гарснаар тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болно.
18.10.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрийг тухайн этгээд эс зөвшөөрвөл гомдлоо энэ хуулийн 18.5-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Хяналтын зөвлөлд гаргаж болно.
18.11.Xяналтын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.