30 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал

30.1.Хоршооны гишүүн хоршоонд холбогдох асуудлыг шийдвэрлэх эрхээ бүх гишүүдийн хурлаар дамжуулан хэрэгжүүлнэ.

30.2.Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.

30.3.Дараах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ:

30.3.1.хоршооны дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

30.3.2.хоршооны эд хөрөнгийг захиран зарцуулах нөхцөл, журмыг тогтоох, үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөө, тухайн жилийн орлого, зардлын төсвийг батлах;

30.3.3.тайлан, тэнцлийг батлaх, тухайн жилийн орлогыг хуваарилах, алдагдал нөхөх асуудлыг шийдвэрлэх;

30.3.4.болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуваарилах хөрөнгийн хэмжээг тогтоох;

30.3.5.хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, захиран зарцуулах журмыг батлах;

30.3.6.хоршооны үйл ажиллагаан дахь хоршооны гишүүний оролцоог үнэлэх аргачлал батлах;

30.3.7.хоршооны бусдаас авах зээл, хоршооны гишүүнд олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хязгаарыг тогтоох;

30.3.8.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

30.3.9.хоршооны дарга, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах;

30.3.10.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүнийг хоршооны гишүүнээс хасах;

30.3.11.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүний хууль бус үйл ажиллагааны улмаас хоршоонд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;

30.3.12.хоршооны гишүүний элсэлтийн хураамжийн хэмжээг тогтоох;

30.3.13.хоршоонд гишүүдээс оруулах нэмэлт хувь хөрөнгийн хэмжээг тогтоох;

30.3.14.хоршоог дэмжих хөрөнгө оруулалт татах, нөхцөл, журмыг батлах;

30.3.15.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;

30.3.16.хуульд заасан бусад асуудал.

30.4.Бүх гишүүдийн хуралд нийт гишүүний олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

30.5.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана.

30.6.Бүх гишүүдийн хурлыг тухайн хуралд оролцогч гишүүдээс сонгосон тэргүүлэгчид удирдана.

30.7.Бүх гишүүдийн хурал хуралдуулахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг хоршооны дүрмээр зохицуулна.

30.8.Бүх гишүүдийн хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхын зөвшөөрснөөр хэлэлцэж болно.

30.9.Хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд биечлэн оролцож саналаа өгнө.

30.10.Бүх гишүүдийн хуралд биечлэн оролцох боломжгүй болсон хоршооны гишүүн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан энэ хуулийн 17.1-д заасан эрхээ хэрэгжүүлнэ.

30.11.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл, хоршооны даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.