17 дугаар зүйл. Мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийх
17.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийнэ.
17.2.Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчийн шилжүүлгийг төлбөрийн даалгаврыг шалгасны үндсэн дээр харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүнд багтаан хийнэ.
17.3.Төлбөрийн даалгавар нь бичгийн болон цахим хэлбэртэй байж болно.
17.4.Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас хүлээн авсан төлбөрийн даалгаврыг хуульд өөрөөр заагаагүй бол хүлээн авсан дэс дарааллыг баримтлан Монголбанкнаас баталсан журамд заасан хугацаанд шилжүүлгийг хийнэ.
17.5.Банк, эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэртэй байж болно.
17.6.Шилжүүлгийг хуульд заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрсөн биет, биет бус төлбөрийн хэрэгслээр хийж болно.
17.7.Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Векселиэр хийх шилжүүлгийг Векселийн тухай хуулиар зохицуулна.
17.8.Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгоно.
17.9.Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 17.4-т заасан хугацаанд шилжүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хийгээгүйгээс үүссэн хохирлыг хариуцна.
17.10.Харилцагчийн хүсэлтээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь гүйлгээ хийсэн дансны хуулгыг харилцагчид өгнө.
17.11.Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу Монголбанк төлбөрийн даалгавар, шилжүүлэгтэй холбогдсон харилцааг зохицуулах журам, заавар баталж, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.