20 дугаар зүйл. Зээлийн гэрээ

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Зээлийн гэрээ

20.1.Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

20. 2.Зээлийн гэрээнд дараах зүйлийг тусгасан байна:

20.2.1.зээлийн хэмжээ;

20.2.2.мөнгөн тэмдэгтийн төрөл;

20.2.3.зээлийн дансны дугаар;

20.2.4.зээлийн зориулалт, зээл олгох хэлбэр;

20.2.5.зээлийн гэрээний хугацаа;

20.2.6.зээлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөл;

20.2.7.зээлийн хүүгийн хэмжээ;

20.2.8.зээлийн гэрээнд оролцогч талуудын оршин байгаа, оршин суугаа газрын хаяг;

20.2.9.тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг хангах арга, хэлбэр;

20.2.10.гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах нөхцөл;

20.2.11.зээлдүүлэгч, зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлага;

20.2.12.хуулиар хориглоогүй шаардлагатай бусад зүйл.

20.3.Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

20.4.Энэ хуулийн 19.8-д заасан нөхцөл байдал үүссэн нь зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

20.5.Тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр олгох зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчид хамтран гаргаж болно. Хамтран зээл олгохдоо энэ талаар гэрээ байгуулна.

20.6.Засгийн газрын мэдлийн гадаад эх үүсвэр, олон улсын байгууллагын хөрөнгийн эх үүсвэрээр хийгдэх зээлийн харилцааг зээлдэгч болон Засгийн газар, шилжүүлэг гүйцэтгэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

20.7.Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ.

20.8.Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.