19 дугаар зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаа
19.1.Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно.
19.2.Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
19.3.Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.
19.4.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийг зээлжих эрх, зээлийн карт, зээлийн шугам зэрэг хэлбэрээр, техникийн хэрэгсэл, программ хангамж ашиглан олгож болно.
19.5.Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно.
19.6.Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно.
19.7.Зээлдүүлэгч гадаад валютаар зээл хүссэн зээлдэгчид ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгнө.
19.8.Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана.
19.9.Зээлдэгч барьцаат зээлээ төлсөн, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчийн зээлийн дансыг хааж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлж, энэ тухай эрхийн улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
19.10.Банкнаас олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Монголбанк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
19.11.Банкнаас олгох зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон журмыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
19.12.Гадаад валютын орлогын эх үүсвэртэй, эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болно.
19.13.Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.
19.14.Зээлдэгч хуулийн этгээд нь олгосон зээлийг өөрийн санхүүгийн тайланд тусгаж, энэ талаарх мэдээллийг зээлдүүлэгчид өгөх үүрэгтэй. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд хуулиар санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн бол түүнд энэ хэсэг нэгэн адил хамаарна.
19.15.Зээлдүүлэгч анх зээл олгохдоо зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно.
19.16.Зээлдүүлэгч нь баталгаа гаргагчтай Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу гэрээ байгуулна.