22 дугаар зүйл. Зээлийн хувийн хэрэг

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Зээлийн хувийн хэрэг

22.1.Зээлдүүлэгч нь олгосон зээл бүрдээ зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө.

22.2.Зээлийн хувийн хэрэг дараах бүрдүүлбэртэй байна:

22.2.1.зээл олгохыг хүссэн өргөдөл;

22.2.2.зээлийн гэрээ;

22.2.3.зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгосон арга хэлбэр, түүнтэй холбогдох мэдээлэл;

22.2.4.иргэн бол орлогын талаарх мэдээлэл;

22.2.5.хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд бол орлогын талаарх мэдээлэл, хуульд заасны дагуу татварын байгууллагад тайлагнасан санхүүгийн тайлан;

22.2.6.зээл хүсэгчийн өр, орлогын харьцааг нотолсон баримт бичиг;

22.2.7.зээлийн ашиглалтыг шалгасан материал;

22.2.8.зээлдэгчийн бусад зээлдүүлэгчээс авсан зээл, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийн талаарх зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл;

22.2.9.үйл ажиллагааны ерөнхий нөхцөлд заасан болон зээлдүүлэгчээс зээл олгоход шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, баримт бичиг.

22.3.Энэ хуулийн 19.11-д заасан журмын дагуу зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалах эд хөрөнгийн тодорхойлолтод зээлдэгчээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч, эсхүл түүнээс томилогдсон хөрөнгийн үнэлгээчин газар дээр нь очин, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ.

22.4.Зээлийн баталгаа гаргагч, батлан даагчийн бүртгэлд баталгаа гаргагч, батлан даагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг харилцагч банкны нэр, харилцах дансны дугаар зэргийг тусгана. Баталгаа гаргагч, батлан даагчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар зээлдэгчийн адил судалж тэмдэглэсэн байна.

22.5.Зээлийн ашиглалтыг шалгасан баримт бичигт авсан зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг тодорхой тоо хэмжээ, үнийн дүн зэрэг үзүүлэлтээр энэ хуулийн 19.10, 19.11-д заасан журмын дагуу тодорхойлж бичнэ.

22.6.Зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад баримт бичиг, мэдээлэл шаардахыг хориглоно. Энэ хэсэгт хуульд заасны дагуу харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд шаардах баримт бичиг, мэдээлэл хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.