6 дугаар зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээ үзүүлэх журам

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээ үзүүлэх журам

6.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж /цаашид "хадгаламж" гэх/, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг /цаашид "шилжүүлэг" гэх/, зээлийн үйл ажиллагаанд баримтлах энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг нийтэд ил тод мэдээлнэ.

6.2.Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчид хадгаламж, зээлийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлнэ.

6.3.Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 6.2-т заасны дагуу гэрээ байгуулахдаа харилцагчийг тухайн үйлчилгээний болон гэрээний нөхцөлтэй танилцах боломж, нөхцөлөөр хангана.

6.4.Энэ хуулийн хоёрдугаар бүлгээс дөрөвдүгээр дүгээр бүлэгт заасан үйл ажиллагааг зөвхөн хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан банк, эрх бүхий хуулийн этгээд эрхэлнэ.

6.5.Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй.

6.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.

6.7.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс тогтоосон бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь, хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх эрхтэй байна.

6.8.Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд "харилцагчийн нууц" гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.