5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."зээл" гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг;

5.1.2."Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд" гэж хуулиар тусгайлан эрх, үүрэг нь тодорхойлогдож, хариуцлага хүлээдэг этгээдийг;

5.1.3."мөнгөн хадгаламж" гэж гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдээс банк, эрх бүхий хуулийн этгээдэд хадгалуулсан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг болон гадаад улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэх мөнгөн хөрөнгийг;

5.1.4."үйл ажиллагааны ерөнхий нөхцөл" гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны нийтлэг зохицуулалтыг тусгасан баримт бичгийг;

5.1.5."харилцах данс" гэж гэрээний үндсэн дээр банк, цахим мөнгө гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд төлбөрийн үйлчилгээ үзүүлэхээр нээсэн дансыг;

5.1.6."хүү" гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг;

Тайлбар: Зээл, хадгаламжийн үнэ бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардлыг ойлгоно.

5.1.7."шилжүүлэг" гэж Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.18-д заасныг;

5.1.8."эрх бүхий хуулийн этгээд" гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг;

5.1.9."эцсийн өмчлөгч" гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.