11 дугаар зүйл. Соёлын боловсрол олгох үйл ажиллагаа

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Соёлын боловсрол олгох үйл ажиллагаа

11.1.Соёлын боловсрол хүнийг соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, хүндэтгэх, хамгаалах дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

11.2.Хүүхэд өөрийн хүсэл, сонирхолд нийцсэн соёлын боловсрол эзэмших эрхтэй ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн хүсэл, сонирхолд нийцүүлж соёлын боловсрол олгох үүрэгтэй.

11.3.Соёлын боловсрол олгох үйл ажиллагааг боловсролын албан болон албан бус хэлбэрээр дамжуулж олгох зарчмыг баримтална.

11.4.Соёлын боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг соёлын, боловсрол, шинжлэх ухааны болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах бөгөөд уг арга хэмжээ, төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.4.1.иргэний соёлын боловсролыг дээшлүүлэх;

11.4.2.соёлын боловсрол олгох багшийг мэргэшүүлэх;

11.4.3.соёлын ажилтныг мэргэжил эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх;

11.4.4.соёлын боловсролын судалгаа, шинжилгээ явуулах;

11.4.5.соёлын боловсрол олгох сургалтын хөтөлбөр, агуулгыг тодорхойлох;

11.4.6.соёлын боловсрол олгох сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих;

11.4.7.соёлын боловсрол олгох төрийн өмчийн сургалтын байгууллагын барилга байгууламж, түүний ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх;

11.4.8.соёлын боловсролыг дэмжих бусад асуудал.

11.5.Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн заавал судлах уран бүтээлийн жагсаалт, түүнийг судлахтай холбогдсон журмыг боловсролын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

11.6.Соёлын байгууллага өөрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд соёлын боловсрол олгох хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлнэ.

11.7.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг сургалтын хөтөлбөр, агуулгад нь тусгагдсан соёлын боловсрол олгохтой холбоотой сургалтын орчин, техник, тоног төхөөрөмж, хүний нөөц, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг төрөөс авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.