14 дугаар зүйл. Соёлын талаарх иргэний эрх, үүрэг

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Соёлын талаарх иргэний эрх, үүрэг

14.1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн соёлын талаар дараах эрх эдэлнэ:

14.1.1.авьяас, ур чадвар, уламжлалт мэдлэг, итгэл үнэмшилдээ тулгуурлан амьдралын хэв маяг, соёлын үйл ажиллагааны чиглэлийг чөлөөтэй сонгох;

14.1.2.соёлын үнэт зүйлтэй танилцах, хүн төрөлхтний болон үндэсний соёл иргэншлийн ололт, соёлын үйл ажиллагааны үр шимийг хүртэх;

14.1.3.уран бүтээлийн сэдэв, төрөл зүйл, арга барил, дэг сургууль, урсгал чиглэлийг чөлөөтэй сонгож, бүтээл туурвих, ур чадварынхаа нууцыг хамгаалуулах;

14.1.4.соёлын үнэт зүйлийг бүтээн туурвих, соёлын үйл ажиллагаа эрхлэх, тэдгээрийн үр шимийг хүртэх;

14.1.5.Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад соёлын үйл ажиллагааг гадаад улсад явуулах, түүнд оролцох;

14.1.6.эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг өвлөн хөгжүүлэх;

14.1.7.соёлын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, хамтарч ажиллах;

14.1.8.соёлын үйл ажиллагаа эрхлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор төрийн бус байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх.

14.2.Монгол Улсын иргэн соёлын талаар дараах үүрэг хүлээнэ:

14.2.1.эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэх;

14.2.2.соёлын илэрхийллийн олон төрлийг хүндэтгэх, соёлын үнэт зүйлийг хамгаалах;

14.2.3.гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх;

14.2.4.соёлын үнэт зүйлийг хууль бус халдлагаас хамгаалах.

14.3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 14.2.2, 14.2.4-т заасан үүрэг хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.